Ариун Библи - Mongolian Bible

Бүлэг  76  77  78  79  80  81  82  83  84  85  86  87  88  89  90  91  92  93  94  95  96  97  98  99  100  101  102  103  104  105  106  107  108  109  110  111  112  113  114  115  116  117  118  119  120  121  122  123  124  125  126  127  128  129  130  131  132  133  134  135  136  137  138  139  140  141  142  143  144  145  146  147  148  149  150

 Дуулал (Psalms) 76

1 Бурхан Иудад алдартай.
Түүний нэр Израильд аугаа.

2 Түүний асар Салемд бий.
Түүний орших газар ч бас Сионд бий.

3 Тэнд Тэрээр галтай сумнууд,
Бамбай, сэлэм болон дайны зэвсгүүдийг хугалсан.

4 Та бол алдартай,
Олзны уулсаас ч илүү сүр жавхлантай.

5 Бат бэх зүрхтэй хүмүүс дээрэмдүүлж,
Нойрсоцгоожээ.
Дайчдын хэн нь ч гараа хөдөлгөж чадаагүй.

6 Иаковын Бурхан, Таны зэмлэлд
Морьтон хийгээд морь нь хоёулаа гүн нойронд автжээ.

7 Та, зөвхөн Та бол эмээн хүндэтгүүштэй юм.
Таныг нэгэнт уурласан үед хэн Таны өмнө зогсох вэ?

8 Та тэнгэрээс шүүлтийг сонсгосон.

9 Бурхан дэлхийн бүх даруу хүмүүсийг аврахаар
Шүүхийн тулд боссон үед
Газар айж, дуугүй байсан.

10 Учир нь хүний уур хилэн Таныг магтах болно.
Уур хилэнгийн үлдэгсдээр Та Өөрийгөө хүрээлүүлнэ.

11 Өөрийн Бурхан ЭЗЭНд тангараглаж, түүнийгээ биелүүл.
Түүнийг хүрээлэгч бүгд эмээвэл зохих Түүнд бэлгүүдийг баригтун.

12 Тэрээр ноёдын сүнсийг номхтгоно.
Түүнээс дэлхийн хаад айдаг юм.

 Дуулал (Psalms) 77

1 Дуу минь Бурханд ханддаг, би чангаар хашхирна.
Дуу минь Бурханд ханддаг, Тэр намайг сонсоно.

2 Зовлон зүдгүүрийнхээ өдөр би Эзэнийг хайсан.
Шөнөөр ч гар минь ядрахгүйгээр сунгагдсан байдаг.
Сэтгэл минь ч тайвшрахаас татгалздаг.

3 Би Бурханыг санаад, зовж шаналсан байдаг.
Би санаа алдаад, сүнс минь сульддаг.

4 Та миний нүдийг цавчуулаагүй.
Би маш их шаналсан болохоор ярьж ч чадахгүй байна.

5 Би урьдын өдрүүдийн тухай,
Өмнөх жилүүдийн тухай бодсон.

6 Би өөрийн дууг шөнө санана.
Би зүрхээрээ бясалгах бөгөөд
Сүнс минь тунгаан боддог.

7 Эзэн үүрд орхих уу?
Тэр дахин хэзээ ч ивээхгүй гэж үү?

8 Түүний хайр энэрэл мөнхөд барагдсан уу?
Амлалт мөнхөд үгүй болсон уу?

9 Бурхан нигүүлсэнгүй байхаа мартсан уу?
Эсвэл Тэр уурандаа өршөөлөө хаасан уу?

10 Тэгээд би "Хамгийн Дээд Нэгэний баруун мутар өөрчлөгдсөн нь
Миний уй гашуу билээ" гэв.

11 Би ЭЗЭНий үйлсийг санана.
Би эрт үеийн Таны гайхамшгуудыг үнэхээр санана.

12 Би Таны бүх ажлыг тунгаан,
Таны үйлсийг шимтэн бодно.

13 Бурхан, Таны зам бол ариун.
Ямар бурхан бидний Бурханы адил агуу вэ?

14 Та бол гайхамшгуудыг үйлддэг Бурхан.
Та ард түмнүүдийн дунд Өөрийн хүч чадлыг мэдүүлсэн.

15 Та Өөрийн хүчээр Өөрийн хүмүүсийг буюу
Иаков ба Иосефын хөвгүүдийг зольсон.

16 Бурхан, их ус Таныг харсан.
Их ус Таныг харсан бөгөөд тэд ихэд айсан.
Гүн нь ч чичирсэн.

17 Үүлс усыг асгасан.
Тэнгэрүүд ч дуу гаргасан.
Таны сумнууд ч энд тэнд гялбасан.

18 Таны аянгын дуу хуй салхин дунд байв.
Цахилгаан гялбаанууд дэлхийг гэрэлтүүлсэн.
Газар чичрэн хөдөлсөн.

19 Таны зам далайд,
Таны жимүүд их усанд байсан бөгөөд
Таны мөрүүд ч мэдэгдэхгүй.

20 Та Өөрийн хүмүүсийг хонин сүрэг мэт
Мосе ба Аароны гараар удирдсан.

 Дуулал (Psalms) 78

1 Миний хүмүүс ээ, миний сургамжийг сонс.
Миний амнаас гарах үгийг чих тавин сонс.

2 Би сургаалт зүйрлэл ярин амаа нээнэ.
Би эртний нууц үгсийг дуудна.

3 Тэдгээрийг бид сонссон, мэдсэн,
Бидний эцэг өвгөд ч бидэнд хэлж өгсөн.

4 Бид тэдгээрийг хүүхдүүдээс нь нуухгүй.
Харин ирэх үеийнхэнд ЭЗЭНий магтаал,
Түүний хүч чадал болон Түүний үйлдсэн гайхамшигт ажлуудыг тунхагла.

5 Учир нь Тэрээр Иаковын дотор гэрчлэлийг тавьж,
Израильд хуулийг тогтоосон.
Тэдгээрийг үр хүүхдүүддээ заагаарай гэж
Тэр бидний эцэг өвгөдөд тушаасан.

6 Ингэсэн нь ирэх үеийнхэн буюу
Хойшид төрөх хүүхдүүд мэдэж,
Мөн тэд ч босож, өөрсдийн хүүхдүүддээ тэдгээрийг хэлэхийн тулд байв.

7 Энэ нь тэд Бурханд итгэлээ өгч,
Бурханы ажлуудыг үл мартаж,
Харин Түүний тушаалуудыг сахин биелүүлэн,

8 Эцэг өвгөд шигээ
Зөрүүд болон тэрслүү үеийнхэн буюу
Өөрсдийн зүрхээ зөвт болгоогүй,
Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм.

9 Ефраимын хөвгүүд нум сумаар зэвсэглэсэн харваачид байсан,
Гэсэн ч тэд тулалдааны өдөр ухарсан.

10 Тэд Бурханы гэрээг сахин биелүүлээгүй,
Түүний хуулийг мөрдөхөөс ч татгалзсан.

11 Тэд Түүний үйлсийг болоод
Өөрсдөд нь үзүүлсэн Түүний гайхамшгуудыг ч мартсан.

12 Тэрээр Египет нутагт, Зоаны хээр талд
Тэдний эцэг өвгөдийн өмнө гайхамшгуудыг үйлдсэн билээ.

13 Тэрээр далайг хувааж, тэднийг дундуур нь хөтлөн гаргаж,
Их усыг ч овоо мэт зогсоосон.

14 Дараа нь Тэр тэднийг өдөр нь үүлээр,
Шөнөжин галын гэрлээр удирдсан.

15 Тэрээр цөлд хад чулуунуудыг хагалан
Далайн гүний ус мэт элбэг дэлбэг ундааг уулгасан.

16 Тэр бас хаднаас урсгал ус гаргаж,
Их усыг мөрөн шиг урсгасан.

17 Гэсэн ч тэд Түүний эсрэг нүгэл үйлдэж,
Цөлд Хамгийн Дээд Нэгэний эсрэг тэрслэхээ үргэлжлүүлсэн.

18 Өөрсдийн шуналт хүслээр хоол хүнсийг гуйснаар
Тэд зүрхэндээ Бурханыг сорьсон.

19 Тэгээд тэд Бурханы эсрэг ярьсан.
Тэд "Бурхан цөлд ширээг бэлтгэж чадах уу?

20 Харагтун, Тэрээр хадыг цохиж усыг оргилуулан гаргаж,
Голыг дүүргэсэн ч
Тэрээр бас талх өгч чадах болов уу?
Тэр Өөрийн хүмүүст махыг бэлтгэж өгөх үү?" гэжээ.

21 Тиймээс ЭЗЭН сонсож, уур хилэнгээр дүүрсэн.
Иаковын эсрэг гал асаж,
Израилийн эсрэг уур хилэн ч нэмэгджээ.

22 Яагаад гэвэл тэд Бурханд итгээгүй,
Түүний авралд ч найдаагүй.

23 Харин Тэр дээр буй үүлсэд тушаан,
Тэнгэрийн хаалгуудыг ч онгойлгосон.

24 Тэр тэдний дээр идүүлэх маннагаар бороо оруулан,
Тэдэнд тэнгэрээс хоол өгсөн.

25 Хүн тэнгэр элч нарын талхыг идсэн.
Тэр тэдэнд хоол хүнсийг хангалттайгаар илгээсэн.

26 Тэрээр тэнгэрт дорнын салхийг үлээлгэж,
Өөрийн хүч чадлаар өмнөдийн салхийг ч удирдсан.

27 Тэр тэдэн дээр махыг тоос шороо мэт,
Жигүүртэн шувуудыг далайн элс мэт буулгахдаа

28 Тэднийг хуарангийнх нь дунд,
Оршин суудаг газрынх нь эргэн тойронд унагаасан.

29 Ийнхүү тэд идэж, сайн цадацгаасан бөгөөд
Тэрээр тэдэнд шунан хүссэн ёсоор нь өгчээ.

30 Тэд шунал хүслээ хангахаас өмнө буюу
Хоол нь тэдний аманд байсаар байх зуур

31 Бурханы уур хилэн тэдний эсрэг хандаж
Тэдний хамгийн тарган хүмүүсээс заримыг алж,
Израилийн шилдэг эрчүүдийг цохин унагасан.

32 Ийм боловч тэд нүгэл хийсээр байж,
Түүний гайхамшигт ажлуудад итгээгүй.

33 Тиймээс Тэр тэдний өдөр хоногуудыг хоосон байдал дотор,
Он жилүүдийг нь гэнэтийн аймшиг дотор дуусгасан.

34 Тэр тэднийг алсан цагт тэд Түүнийг хайж,
Түүнийг дахин чин сэтгэлээс хайсан.

35 Бурхан тэдний хад байсныг,
Мөн Хамгийн Дээд Бурхан тэдний Аврагч байсныг тэд санажээ.

36 Харин тэд амаараа Түүнд бялдуучилж
Хэлээрээ Түүнд худал ярьсан.

37 Учир нь тэдний зүрх Түүнд хандахдаа бат байгаагүй,
Тэд ч Түүний гэрээнд үнэнч байгаагүй.

38 Харин Тэр өршөөнгүй байн гэм бурууг уучилж, тэднийг устгаагүй.
Тэр Өөрийн уурыг олонтаа барьж,
Өөрийн бүхий л хилэнгээ хөдөлгөөгүй.

39 Ийнхүү Тэр тэднийг зөвхөн махан бие,
Өнгөрөн одоод дахин ирдэггүй салхи болохыг нь санажээ.

40 Тэд цөлд Түүний эсрэг хичнээн их тэрсэлж,
Говьд Түүнийг хичнээн их гашуудуулсан бэ!

41 Тэд Бурханыг дахин дахин сорьж,
Израилийн Ариун Нэгэнийг өвтгөсөн.

42 Тэд Түүний хүч чадлыг,
Түүний өөрсдийг нь өстнөөс аварсан өдрийг ч санаагүй.

43 Тэр Өөрийн тэмдгүүдийг Египетэд,
Өөрийн гайхамшгуудыг Зоаны хээр талд харуулж,

44 Тэдний гол мөрнүүдийг
Мөн усны урсгалуудыг цус болгон хувиргаж,
Тэднийг ууж чадахгүй болгосныг ч санаагүй.

45 Тэр тэдний дунд тэднийг залгисан ялаан сүргийг,
Мөн тэднийг устгасан мэлхийнүүдийг илгээсэн.

46 Тэр бас тэдний тариаг дэвхрэгт,
Тэдний хөдөлмөрийн үр шимийг царцаанд өгсөн.

47 Тэр тэдний усан үзмийн моддыг мөндөрт,
Инжрийн моддыг нь хяруунд цохиулсан.

48 Тэр бас тэдний мал сүргийг мөндөрт,
Тэдний хонин сүргийг аянганд ниргүүлсэн.

49 Тэр тэдний дээр шатаж буй уур,
Хилэн, зэвүүцэл болон гай зовлонгоо буюу
Хэсэг устгагч тэнгэр элч нарыг илгээсэн.

50 Тэр Өөрийн ууранд зам зассан.
Тэр тэдний сэтгэлийг үхлээс хэлтрүүлээгүй,
Харин тэдний амийг гай гамшигт өгч,

51 Египетийн бүх ууганыг буюу
Хамын майхан доторх хүч чадлынх нь охийг цохисон юм.

52 Харин Тэр Өөрийнхөө хүмүүсийг хонь шиг хөтлөн гаргаж,
Тэднийг цөлд хонин сүрэг мэт удирдсан.

53 Тэр тэднийг айхгүй байхаар аюулгүйгээр удирдсан.
Харин тэдний дайснууд далайн усанд автсан.

54 Ингээд Тэр тэднийг Өөрийн ариун газарт,
Баруун мутрынхаа авсан энэ уулархаг нутагт авчирсан.

55 Тэр бас үндэстнүүдийг тэдний өмнөөс хөөн зайлуулж,
Тэдэнд хэмжигчээр хуваан газрыг хуваарилан,
Израилийн овгуудыг өөрсдийнх нь майхнуудад суулгасан.

56 Гэвч тэд Хамгийн Дээд Бурханыг сорин, Түүний эсрэг тэрсэлж,
Түүний гэрчлэлүүдийг сахилгүй,

57 Харин өөрсдийн эцэг өвгөд шиг урван, мэхэлжээ.
Тэд мэхлэгч нум шиг хазгай туссан.

58 Учир нь тэд өөрсдийн мөргөлийн өндөрлөгүүдээр Түүнийг өдөж,
Өөрсдийн сийлмэл хөргүүдээр Түүний хардалтыг хөдөлгөсөн.

59 Бурхан сонсоод, уур хилэнгээр дүүрч,
Израилийг ихэд үзэн ядсан.

60 Ингээд Тэр Шило дахь орших газрыг буюу
Хүмүүсийн дунд босгосон майхныг орхиж,

61 Өөрийн хүч чадлыг олзлолд,
Өөрийн сүр жавхланг өстний гарт өгсөн.

62 Тэр бас Өөрийн хүмүүсийг илдэнд тушааж,
Өөрийн өвд уурласан.

63 Түүний залуусыг гал залгиж,
Онгон охидод нь хуримын дуу үгүй болов.

64 Түүний тахилч нар илдэнд унаж,
Түүний бэлэвсэн эмэгтэйчүүд уйлж ч чадсангүй.

65 Дараа нь Эзэн нойрноос мэт,
Дарсанд согтуурсан дайчин эр мэт сэржээ.

66 Тэр Өөрийн өстнүүдийг цохин буцаасан .
Тэр тэдэн дээр үүрдийн буруутгалыг тохсон.

67 Тэр бас Иосефын майхныг хаяж,
Ефраимын овгийг сонгоогүй,

68 Харин Иуда овгийг,
Өөрийн хайрласан Сион уулыг сонгосон.

69 Тэр Өөрийн ариун газрыг өндөрлөг газрууд шиг,
Мөнхөд бий болгосон газар шигээ барьж босгосон.

70 Тэр бас Өөрийн зарц Давидыг сонгон
Хонины хашаанаас авсан.

71 Хургатай хоньдыг даган явсан түүнийг Тэр
Өөрийн хүмүүс болох Иаковыг болон
Өөрийн өв болох Израилийг хариулуулахаар авчрав.

72 Ингээд Давид тэднийг чин сэтгэлээс хариулж,
Гарынхаа ураар тэднийг удирдсан.

 Дуулал (Psalms) 79

1 Бурхан, үндэстнүүд Таны өв уруу иржээ.
Тэд Таны ариун сүмийг бузарлажээ.
Тэд Иерусалимыг балгас болгожээ.

2 Тэд Таны зарц нарын цогцсуудыг тэнгэрийн шувуудад хоол болгон,
Таны бурханлаг хүмүүсийн махан биеийг газрын араатнуудад өгсөн.

3 Тэд цусаа Иерусалимын эргэн тойронд ус мэт урсгасан.
Тэднийг оршуулах хэн ч байгаагүй.

4 Бид өөрсдийн хөршүүдэд буруутан,
Бидний эргэн тойронд байгсдад доог тохуу болсон.

5 ЭЗЭН, хэдий болтол вэ? Та мөнхөд уурласаар байх уу?
Таны хардалт гал шиг шатах уу?

6 Өөрийн уур хилэнг Таныг мэддэггүй үндэстнүүд,
Таны нэрийг дууддаггүй хаанчлалууд дээр асгаач.

7 Учир нь тэд Иаковыг залгиж,
Орших газрыг нь цөл болгосон.

8 Бидний өвөг дээдсийн гэм бурууг бидний эсрэг бүү санаач.
Бид маш дор орсон учир
Таны өршөөлөөр биднийг хурдан угтан авахаар ирээч.

9 Бидний авралын Бурхан, Өөрийн нэрийн алдрын төлөө бидэнд туслаач.
Өөрийн нэрийн төлөө биднийг аварч, бидний гэмийг уучлаач.

10 Юунд үндэстнүүд "Тэдний Бурхан хаана байна вэ?" гэж хэлэх ёстой вэ?
Таны зарц нарын урссан цусны өс хонзон
Бидний нүдэнд үндэстнүүдийн дунд мэдэгдэх болтугай.

11 Хоригдлуудын ёолох дуу Таны өмнө ирэг.
Үхэхээр яллагдсан хүмүүсийг Өөрийн хүчний агуугаар хамгаалаач.

12 Эзэн, Таныг буруутгасан буруутгалыг
Бидний хөршүүдэд өвөрт нь долоо дахин илүүгээр буцаан өгөөч.

13 Тэгвэл Таны ард түмэн, Таны бэлчээрийн хонин сүрэг бид
Танд мөнхөд талархана.
Таны магтаалыг бид үеийн үед дамжуулна.

 Дуулал (Psalms) 80

1 Иосефыг хонин сүрэг мэт удирддаг
Израилийн хоньчин оо, чих тавин сонсооч.
Херубуудын дээгүүр залрагч аа, гэрэлтээч.

2 Ефраим, Бениамин болон Манассегийн өмнө Өөрийн хүчийг харуулан,
Биднийг аврахаар ирээч!

3 Бурхан, биднийг сэргээж
Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч,
Тэгвэл бид аврагдах болно.

4 Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН,
Та хэдий болтол Өөрийн хүмүүсийн залбиралд уурлах вэ?

5 Та тэднийг нулимсаар хооллож,
Тэдэнд нулимсыг ихээр уулгасан.

6 Та биднийг хөршийн маань маргааны бай болгодог бөгөөд
Дайснууд маань өөрсдийнхөн дундаа шоолон хөхөрдөг.

7 Түмэн цэргийн Бурхан, биднийг сэрээж,
Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч,
Тэгвэл бид аврагдах болно.

8 Та усан үзмийн нэгэн модыг Египетээс гаргасан.
Та үндэстнүүдийг хөөн гаргаж, түүнийг суулгасан.

9 Та түүнд хөрсийг бэлтгэсэн бөгөөд
Тэр нь газарт гүнзгий үндэслэж, нутгийг дүүргэсэн.

10 Түүний сүүдэр уулсыг бүрхсэн бөгөөд
Түүний мөчрүүд Бурханы хуш шиг байв.

11 Тэр мөчрөө далай хүртэл,
Салаагаа Мөрөн хүртэл сунгасан.

12 Замаар явж өнгөрөгч бүхэн жимсийг нь түүхээр
Юунд Та түүний ханыг нураасан бэ?

13 Ойн бодон гахай түүнийг идэж,
Тал хээрт хөдөлдөг бүхэн түүгээр хооллодог.

14 Түмэн цэргийн Бурхан, дахин эргэн ирээч, бид Танаас гуйж байна.
Тэнгэрээс өнгийн харж, энэ усан үзмийн модыг болон

15 Таны баруун мутрын тарьсан нахиаг ч арчлан,
Өөрийнхөө төлөө бат бэх болгосон мөчрөө ч хараач.

16 Тэр нь галд шатаж, тастуулсан.
Таны нүүр зэмлэснээс болж тэд сөнөдөг.

17 Таны гар Таны баруун гар тал дахь хүний дээр,
Таны Өөрийнхөө төлөө бат бэх болгосон хүний хүүгийн дээр байх болтугай.

18 Тэгвээс бид Танаас ухарч буцахгүй.
Биднийг сэргээгээч, тэгвэл бид Таны нэрийг дуудна.

19 Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, биднийг сэргээгээч.
Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч,
Тэгвэл бид аврагдах болно.

 Дуулал (Psalms) 81

1 Бидний хүч чадал болох Бурханд баясгалантайгаар дуулагтун.
Иаковын Бурханд баясгалантайгаар хашхирагтун.

2 Дуу аялж, бөмбөр цохиж,
Сонсголонт ятгыг босоо ятгатай хамт дуугарга.

3 Бидний баярын өдөр, шинэ сар буюу
Тэргэл сартайд бүрээ үлээгтүн.

4 Учир нь энэ бол Израильд зориулсан зарлиг,
Иаковын Бурханы тогтоол юм.

5 Тэрээр Египет нутаг даяар явж байсан үедээ
Үүнийг Иосефын дунд гэрчлэлийн төлөө байгуулсан.
Би өөрийн мэдэхгүй хэлээ сонссон.

6 "Би түүний мөрнөөс ачааг буулгаж,
Түүний гарыг сагснаас чөлөөлсөн.

7 Чи зовлон бэрхшээл дотроо хашхирсан бөгөөд Би чамайг аварсан.
Би аянгын дууны нууц газраас чамд хариу өгсөн.
Би чамайг Мерибагийн усны дэргэд туршсан.

8 Миний хүмүүс ээ, сонсогтун, тэгвэл Би та нарыг гэрчилнэ.
Израиль аа, чи Намайг сонссон ч болоосой!

9 Та нарын дунд гаднын бурхан бүү байг.
Та нар харийн бурханд бүү мөргө.

10 Та нарыг Египет нутгаас удирдан гаргасан
ЭЗЭН Би бол та нарын Бурхан юм.
Амаа том ангайлга, би түүнийг дүүргэнэ.

11 Гэвч Миний хүмүүс Миний дууг сонсоогүй бөгөөд
Израиль ч Намайг дагаагүй.

12 Иймээс Би тэднийг дур зоргоор нь явуулахаар
Зүрхнийх нь зөрүүдлэлд тушаасан.

13 Миний хүмүүс Намайг сонсож,
Израиль Миний замаар явсан ч болоосой!

14 Тэгвээс Би тэдний дайснуудыг хурдан дарж,
Өөрийн мутрыг өстнүүдийнх нь эсрэг эргүүлэх байсан.

15 ЭЗЭНийг үзэн ядагсад Түүнд дуулгавартай мэт дүр үзүүлэх байсан бөгөөд
Тэдний үе мөнхөд үргэлжлэхсэн.

16 Би та нарыг улаан буудайн дээдээр хооллон,
Хад чулуунаас гарах зөгийн балаар Би та нарыг хангах байсан".

 Дуулал (Psalms) 82

1 Бурхан Өөрийнхөө цуглаанд Өөрийн байрыг эзэлдэг.
Тэрээр захирагчдын дунд шүүдэг.

2 Хэдий болтол та нар шударга бусаар шүүж,
Хорон муу хүнд тал засна вэ?

3 Дорой хийгээд эцэггүй хүмүүсийг зөвтгө,
Зовогсод хийгээд гачигдагсдад шударга ёсыг хайрла.

4 Дорой болон гачигдагсдыг авар.
Тэднийг хорон муу хүний гараас чөлөөл.

5 Тэд мэддэггүй, ойлгодог ч үгүй.
Тэд харанхуйд холхидог.
Дэлхийн бүх сууриуд ганхсан.

6 Би "Та нар бол бурхад,
Та нар бүгдээрээ Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд юм.

7 Гэсэн ч та нар хүн шиг үхэж,
Ноёдын нэгтэй адил унах болно" гэв.

8 Бурхан, босож, дэлхийг шүүгээч!
Учир нь бүх үндэстнийг эзэмшигч нь Та юм.

 Дуулал (Psalms) 83

1 Өө, Бурхан, бүү дуугүй байгаач.
Өө, Бурхан, бүү дуугүй байгаач, бүү нам жим болооч.

2 Харагтун, Таны дайснууд шуугьж,
Таныг үзэн ядагчид толгойгоо өргөсөн.

3 Тэд Таны хүмүүсийн эсрэг хорон санаатай төлөвлөгөөг гаргаж,
Таны нандигнасан хүмүүсийн эсрэг хамтдаа хуйвалддаг.

4 Тэд "Израилийн нэр дахин дурсагдахгүйн тулд
Очиж, тэднийг үндэстнээр нь арчиж, үгүй болгоцгооё" гэцгээв.

5 Тэд нэг оюун бодлоор хамтран хуйвалджээ.
Таны эсрэг тэд гэрээ байгуулдаг.

6 Едомын майхнууд болон ишмаелчууд,
Моаб болон хагирчууд,

7 Гебал, Аммон болон Амалек,
Филист, Тирийн оршин суугчидтай хамт

8 Ассири ч тэдэнтэй холбоо тогтоож,
Тэд Лотын хүүхдүүдэд тус дэм болжээ.

9 Тэдэнтэй Мидианд үйлдсэн шиг,
Кишон голын урсгалын дэргэд Сисера ба Иабинд үйлдсэн шиг хандаач.

10 Тэд Ен-дорт сөнөөж,
Газарт хаягдах хог мэт болсон.

11 Тэдний язгууртнуудыг Ореб ба Зееб шиг,
Тэдний бүх ноёдыг Зеба ба Залмунна шиг болгооч.

12 Тэд "Өөрсдөдөө зориулан
Бурханы бэлчээрийг эзэмшицгээе" гэцгээж байсан.

13 Бурхан минь ээ, тэднийг хамхуул шиг,
Салхинд хийсэх сүрэл мэт болгооч.

14 Ойг шатаадаг гал шиг,
Уулсыг шатаадаг дөл шиг

15 Өөрийн хуй салхиар тэднийг хөөж,
Өөрийн шуургаар тэднийг сүрдүүлээч.

16 Тэд Таны нэрийг эрж хайдаг болохын тулд
Тэдний нүүрийг ичгүүрээр дүүргээч.

17 Тэднийг мөнхөд ичгүүрт оруулан айлгаж,
Тэднийг дорд болгон мөхөлд учруулаач.

18 Ингэснээр тэд ЭЗЭН гэдэг нэртэй Та л ганцаараа
Бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг мэдэх болтугай.

 Дуулал (Psalms) 84

1 Өө, Түмэн цэргийн ЭЗЭН,
Таны оршин суудаг газар хичнээн тааламжтай вэ!

2 Миний сэтгэл ЭЗЭНий хашаа уруу тэмүүлэн, эрмэлздэг.
Миний зүрх ба махан бие минь амьд Бурханд баясан хашхирна.

3 Миний Хаан ба миний Бурхан,
Түмэн цэргийн ЭЗЭН Таны тахилын ширээнд
Болжмор ч орших газраа,
Хараацай ч өөрийн ангаахайнуудыг суулгах үүрийг олсон.

4 Таны өргөөнд оршигчид юутай ерөөлтэй вэ!
Тэд үргэлж Таныг магтаж байна.

5 Хүч нь Таны дотор,
Зүрхэнд нь Сион уруу хөтлөх замууд байх хүн юутай ерөөлтэй вэ!

6 Нулимсны хөндийгөөр туулан гарахдаа тэд түүнийг булаг болгодог.
Эрт орох бороо ч мөн түүнийг ерөөдөг.

7 Тэд Сионд Бурханы өмнө үзэгдэн
Хүчээс хүч уруу хүрдэг.

8 Өө, Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, миний залбирлыг сонсооч.
Өө, Иаковын Бурхан, чих тавин чагнаач.

9 Хараач, бидний бамбай болсон Бурхан,
Өөрийн тосолсон хүний нүүр уруу хараач.

10 Учир нь Таны хашаан дахь нэг өдөр гадна байх мянган өдрөөс ч дээр юм.
Би хорон муугийн майхнуудад оршин суухаас
Өөрийн Бурханы өргөөний босгон дээр зогсохсон.

11 Учир нь ЭЗЭН Бурхан бол нар болон бамбай юм.
ЭЗЭН нигүүлсэл болон алдрыг өгдөг.
Тэрээр шулуун шударгаар явагчдаас ямар ч сайн юмыг нуун дарагдуулдаггүй.

12 Өө, Түмэн цэргийн ЭЗЭН, Танд итгэдэг хүн юутай ерөөлтэй вэ!

 Дуулал (Psalms) 85

1 Өө, ЭЗЭН, Та Өөрийн нутагт ивээлээ үзүүлсэн.
Та Иаковын олзлогдогсдыг буцааж ирүүлсэн.

2 Та Өөрийн ард түмний гэм бурууг уучилсан.
Та тэдний бүх нүглийг далдалсан.

3 Та Өөрийн бүх уур хилэнг зайлуулсан.
Та Өөрийн шатаж буй уураас эргэн буцсан.

4 Өө, бидний авралын Бурхан, биднийг сэргээж,
Бидэнд хандсан Өөрийн уур хилэнг зогсоогооч.

5 Та бидэнд мөнхөд уурлах уу?
Та бүх үеийнхэнд Өөрийн уурыг үргэлжлүүлсээр байх уу?

6 Таны хүмүүс Танд баярлахын тулд
Та Өөрөө биднийг сэргээхгүй гэж үү?

7 Өө, ЭЗЭН, Өөрийн хайр энэрлийг бидэнд үзүүлж,
Өөрийн авралыг бидэнд хайрлаач.

8 Бурхан ЭЗЭНий айлдахыг би сонсоно.
Учир нь Тэр Өөрийн ард түмэн буюу Өөрийн бурханлаг хүмүүст амар тайвныг айлдана.
Харин тэднийг мунхаглал уруу буцахыг үл зөвшөөрье.

9 Бидний газар нутагт алдар оршихын тулд
Түүний аврал Түүнээс эмээгчдэд үнэхээр ойр байна.

10 Хайр энэрэл болон үнэн хамтдаа уулзжээ.
Зөв шударга болон амар тайван бие биеэ үнсжээ.

11 Үнэн газраас оргилон,
Зөв шударга байдал тэнгэрээс өнгийн хардаг.

12 Үнэндээ ЭЗЭН сайныг өгөх бөгөөд
Бидний газар нутаг ургацаа ургуулна.

13 Зөв шударга байдал Түүний өмнө явж,
Түүний алхмуудыг зам дээр тавина.

 Дуулал (Psalms) 86

1 Өө, ЭЗЭН чих тавин надад хариулаач.
Учир нь би зовж, гачигдаж байна.

2 Би бурханлаг хүн учир сэтгэлийг минь хамгаалаач.
Өө, миний Бурхан Та Өөрт тань итгэдэг Өөрийн зарцыг авраач.

3 Өө, Эзэн, намайг нигүүлсээч,
Учир нь Тан уруу хандан Би өдөржин хашхирдаг.

4 Өөрийн зарцын сэтгэлийг баярлуулаач,
Учир нь Эзэн Тан уруу би сэтгэлээ өргөдөг.

5 Учир нь Эзэн Та сайн бөгөөд уучлахад бэлэн,
Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр элбэг баян.

6 Өө, ЭЗЭН, миний залбирлыг чих тавин чагнаач.
Миний гуйлтуудын дуунд анхаарал тавиач!

7 Өөрийн зовлонгийн өдөр би Таныг дуудна,
Учир нь Та надад хариулна.

8 Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн ч үгүй,
Таных шиг үйлс ч байхгүй.

9 Өө, ЭЗЭН, Таны бүтээсэн бүх улс үндэстэн ирж,
Таны өмнө хүндэтгэн мөргөж,
Таны нэрийг алдаршуулна.

10 Учир нь Та бол аугаа бөгөөд гайхамшигт үйлсийг үйлддэг.
Та ганцаараа л Бурхан юм.

11 Өө, ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж өгөөч.
Би Таны үнэнээр явах болно.
Таны нэрээс эмээхээр зүрхийг нэгтгээч.

12 Миний Бурхан ЭЗЭН, би бүх зүрхээрээ Танд талархаж,
Таны нэрийг мөнхөд алдаршуулна.

13 Учир нь надад хандсан Таны хайр энэрэл аугаа бөгөөд
Та миний сүнсийг Үхэгсдийн орны гүнээс аварсан.

14 Өө, Бурхан, бардамнагч хүмүүс миний эсрэг босож,
Хүчирхийлэгч хүмүүсийн бүлэглэл миний амийг хайсан бөгөөд
Тэд Таныг өөрсдийнхөө өмнө залаагүй.

15 Харин ЭЗЭН Та бол өршөөлт, нигүүлсэлт,
Уурлахдаа удаан, хайр энэрэл болон үнэнээр элбэг баян Бурхан юм.

16 Над уруу эргэж, намайг нигүүлсээч.
Өөрийн зарцад Өөрийн хүчийг өгч,
Шивэгчнийхээ хүүг авраач.

17 Намайг үзэн ядагчид хараад ичихийн тулд
Сайны төлөөх тэмдгийг надад үзүүлээч.
Учир нь ЭЗЭН Та надад туслан, намайг тайвшруулсан.

 Дуулал (Psalms) 87

1 Түүний суурь ариун ууланд бий.

2 ЭЗЭН Сионы дааман хаалгуудыг
Иаковын оршин суух газруудаас илүүгээр хайрладаг.

3 Бурханы хот оо,
Чиний талаар алдартай юмс яригддаг.

4 "Намайг мэдэгчдийн дунд би Рахаб болон Вавилоныг дурдана.
Харагтун, Филист ба Тир Етиопын хамт
"Энэ нэгэн тэнд төрсөн" гэнэ".

5 Харин Сионы тухай
"Энэ хүн ба тэр хүн түүний дотор төрсөн" гэж хэлэгдэнэ.
Хамгийн Дээд Нэгэн Өөрөө түүнийг байгуулна.

6 ЭЗЭН хүмүүсийг бүртгэх үедээ тоолж,
"Энэ нэгэн тэнд төрсөн" гэнэ.

7 Тэгээд дуулдаг хүмүүс лимбэ тоглодог хүмүүсийн хамт
"Миний бүх эх булгууд чамд бий" гэнэ.

 Дуулал (Psalms) 88

1 Өө, ЭЗЭН, миний авралын Бурхан,
Би өдрөөр болон шөнө ч Таны өмнө хашхирсан.

2 Миний залбирлыг Өөрийнхөө өмнө авчраач.
Миний хашхиралтад чихээ тавиач.

3 Учир нь миний сэтгэл зовлон бэрхшээлийг хангалттай авсан бөгөөд
Амь минь Үхэгсдийн оронд ойртсон.

4 Би доошоо нүх уруу буугчдын дунд тоологдсон.
Би хүч чадалгүй хүнтэй адил,

5 Үхэгсдийн дунд хаягдсан,
Булшинд тавигддаг үхдэлтэй адил болсон.
Та тэднийг дахин санахгүй бөгөөд
Тэд Таны мутраас таслагдсан.

6 Та намайг хамгийн гүнзгий нүхэнд,
Харанхуй газруудад, гүнд тавьсан.

7 Таны уур хилэн намайг хүндээр дарсан бөгөөд
Та Өөрийн бүх давалгаагаар намайг зовоосон.

8 Та миний танилуудыг надаас холдуулсан.
Та намайг тэдэнд жигшүүрт зүйл болгосон.
Би түгжигдсэн бөгөөд гарч чадахгүй болсон.

9 Гай зовлонгоос болж нүд минь ч сульдсан.
Өө, ЭЗЭН, би Таныг өдөр бүр дуудсан.
Би Тан уруу гараа сунгасан.

10 Та үхэгсдэд зориулсан гайхамшгуудыг үйлдэх үү?
Үхэгсдийн сүнснүүд босоод, Таныг магтах уу?

11 Таны хайр энэрэл булшинд,
Таны итгэлтэй байдал сүйрлийн газарт тунхаглагдах уу?

12 Таны гайхамшгууд харанхуйд мэдэгдэх үү?
Таны зөв шударга байдал марталтын газар мэдэгдэх үү?

13 Харин ЭЗЭН, би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөд
Өглөөд миний залбирал Таны өмнө ирдэг.

14 Өө, ЭЗЭН, Та юунд сэтгэлийг минь хаяна вэ?
Юунд Та надаас нүүрээ нууна вэ?

15 Би залуугаасаа зовж, үхэх шахсан.
Би Таны аймшгуудыг амсдаг. Би тэвдэж байна.

16 Таны шатаж буй уур хилэн миний дээгүүр өнгөрсөн.
Таны аймшгууд намайг сөнөөсөн.

17 Тэдгээр нь намайг ус мэт өдөржин хүрээлсэн.
Тэд хамтдаа намайг бүсэлсэн.

18 Та амраг хайрт болон анд нөхрийг надаас холдуулсан.
Танилууд минь ч харанхуйд байна.

 Дуулал (Psalms) 89

1 Би ЭЗЭНий хайр энэрлийн тухай мөнхөд дуулна.
Бүх үеийнхэнд би Таны итгэлтэй байдлыг амаараа мэдүүлнэ.

2 Учир нь би "Хайр энэрэл мөнхөд байгуулагдана.
Та Өөрийн итгэлтэй байдлыг тэнгэрүүд дээр тогтооно" гэв.

3 "Би Өөрийн сонгосон нэгэнтэй гэрээ байгуулсан.
Би Өөрийн зарц Давидад тангарагласан,

4 Би чиний үрийг мөнхөд тогтоож,
Чиний хаан ширээг бүх үеийнхэнд байгуулна".

5 Өө, ЭЗЭН, тэнгэрүүд Таны гайхамшгуудыг магтана.
Мөн ариун хүмүүсийн чуулганд Таны итгэлтэй байдлыг ч магтана.

6 Учир нь тэнгэрт хэнийг ЭЗЭНтэй харьцуулж болох вэ?
Чадалтнуудын хөвгүүдийн дундаас хэн нь ЭЗЭНтэй адил вэ?

7 Тэр бол ариун хүмүүсийн чуулганд агуугаар эмээгдэх Бурхан,
Өөрийг нь тойрч буй бүхнээс илүү сүрдэм юм.

8 Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, хэн Тантай адил вэ, хүчит ЭЗЭН?
Таны итгэлтэй байдал ч Таныг тойрон байдаг.

9 Та далайн догшролтыг захирдаг.
Давалгаанууд нь босоход Та номхруулдаг.

10 Та Өөрөө Рахабыг алагдсан хүн шиг бяц дарсан.
Та Өөрийн дайснуудыг хүчит мутраараа тараасан.

11 Тэнгэрүүд бол Таных, газар ч бас Таных.
Ертөнц ба түүнийг бүрдүүлж буй бүхнийг Та байгуулсан.

12 Өмнөд ба умардыг Та бүтээсэн.
Табор ба Хермон Таны нэрд баяртайгаар хашхирдаг.

13 Та хүчит мутартай.
Таны гар хүчтэй, Таны баруун гар өргөмжлөгдсөн.

14 Зөв шударга ба шударга ёс бол Таны сэнтийн суурь юм.
Хайр энэрэл ба үнэн Таны өмнө явдаг.

15 Баярт дууг мэддэг ард түмэн юутай ерөөлтэй вэ!
Өө, ЭЗЭН, тэд Таны нүүр царайны гэрэлд алхдаг.

16 Таны нэрд тэд өдөржин баярлаж,
Таны зөв шударгаар тэд өргөмжлөгддөг.

17 Учир нь Та бол тэдний хүч чадлын алдар бөгөөд
Таны ивээлээр бидний эвэр өргөмжлөгдсөн байдаг.

18 Учир нь бидний бамбай бол ЭЗЭНийх бөгөөд
Израилийн Ариун Нэгэн бол бидний Хаан.

19 Нэг удаа Та Өөрийн ариун хүмүүст үзэгдэл дотор айлдаж,
"Би хүч чадалт нэгэнд тусламж өгсөн.
Би ард түмнээс шилж сонгосон нэгнийг өргөмжилсөн.

20 Би Өөрийн зарц Давидыг олсон.
Өөрийн ариун тосоор Би түүнийг тосолсон.

21 Миний гар түүнтэй хамт байж,
Миний мутар ч бас түүнийг хүчтэй болгоно.

22 Дайсан түүнээс нэхэн шаардаж чадахгүй,
Хорон муугийн хүү ч түүнийг зовоож чадахгүй.

23 Харин Би түүний өмнө өстнүүдийг нь бяцалж,
Түүнийг үзэн ядагчийг бут цохино.

24 Миний итгэлтэй байдал ба Миний хайр энэрэл түүнтэй хамт байх бөгөөд
Миний нэр дээр түүний эвэр өргөмжлөгдөнө.

25 Би бас түүний гарыг далай дээр,
Түүний баруун гарыг гол мөрөнгүүд дээр байлгана.

26 Тэр Над уруу "Та бол миний Эцэг,
Миний Бурхан болон миний авралын хад" гэж хашхирна.

27 Би мөн түүнийг ууган хүү,
Газар дэлхийн хаадаас хамгийн дээд хаан болгоно.

28 Би Өөрийн хайр энэрлээ түүний төлөө мөнхөд хадгалж,
Өөрийн гэрээг ч түүнд батжуулна.

29 Ингээд Би түүний үр удмыг мөнхөд тогтоож,
Түүний сэнтийг тэнгэрийн өдрүүд мэт болгоно.

30 Хэрэв түүний хөвгүүд Миний хуулийг мартаж,
Миний шүүлтийн дагуу явахгүй бол,

31 Хэрэв тэд Миний тогтоолуудыг зөрчиж,
Миний тушаалуудыг биелүүлэхгүй бол,

32 Би тэдний алдаа зөрчлийг таягаараа,
Тэдний гэм бурууг саваагаар шийтгэнэ.

33 Харин Би Өөрийн хайр энэрлийг түүнээс таслахгүй,
Итгэлгүйгээр ч үйлдэхгүй.

34 Өөрийн гэрээг би зөрчихгүй,
Амнаас гарсан авиагаа өөрчлөхгүй.

35 Би Өөрийн ариун байдлаар нэгэнтээ тангарагласан бөгөөд
Би Давидад худал хэлэхгүй.

36 Түүний үр удам нь мөнхөд амьдарч,
Түүний сэнтий Миний өмнөх нар шиг байна.

37 Тэр нь сар шиг мөнхөд байхаар тогтоогдох бөгөөд
Тэнгэрийн гэрч итгэмжит юм" гэв.

38 Харин Та хаян, татгалзаж,
Өөрийн тослогдогчийн эсрэг хилэнгээр дүүрэн байв.

39 Та Өөрийн зарцын гэрээг хайхраагүй.
Та түүний титмийг шороонд бузарласан.

40 Та түүний бүх ханыг эвдсэн.
Та түүний бат цайзуудыг сүйрүүлсэн.

41 Замаар өнгөрөн явагч бүхэн түүнийг тоносон.
Тэр өөрийн хөршүүдэд буруутгагдсан.

42 Та түүний өстнүүдийн баруун гарыг өргөмжилсөн.
Та бүх дайснуудыг нь баярлуулсан.

43 Та бас илднийх нь ирийг мохоож,
Түүнийг тулалдаанд бат зогсож чадахгүй болгосон.

44 Та түүний сүр жавхланг дуусган,
Түүний сэнтийг газарт хөмрөв.

45 Та түүний залуу насны өдрүүдийг богиносгосон.
Та түүнийг ичгүүрээр нөмрүүлсэн.

46 Өө, ЭЗЭН, хэдий болтол вэ?
Та Өөрийгөө мөнхөд нуух уу?
Таны уур хилэн гал мэт шатах уу?

47 Миний амьдралын хугацааг санаач.
Та хүний хөвгүүдийг юунд дэмий хоосон бүтээгээ вэ!

48 Ямар хүн үхлийг үзэлгүй амьдарч чадах вэ?
Тэрээр өөрийн сэтгэлийг Үхэгсдийн орны эрхшээлээс аварч чадах уу?

49 Өө, Эзэн, итгэлтэй байдал дотроо Таны Давидад тангарагласан
Урьдын хайр энэрэл тань хаана байна вэ?

50 Өө, Эзэн, Өөрийн зарц нарын доромжлолыг санаач.
Би өвөртөө бүх олон түмний доромжлолыг хэрхэн тээдгийг ч санаач.

51 Өө, ЭЗЭН, тэдгээрээр Таны дайснууд доромжлон,
Тэдгээрээр тэд Таны тослогдогчийн алхам бүрийг доромжилсон.

52 ЭЗЭН мөнхөд магтагдах болтугай!
Амен, Амен.

 Дуулал (Psalms) 90

1 Өө, Эзэн, Та үеийн үед бидний орших газар байсан билээ.

2 Уулс бий болохоос ч өмнө,
Таныг дэлхий ба ертөнцийг төрүүлэхээс ч өмнө,
Үүрдээс үүрд мөнх хүртэл Та бол Бурхан.

3 Та хүнийг тоос шороо уруу нь буцаан,
Айлдахдаа "Хүний хүүхдүүд ээ, буцагтун" гэдэг.

4 Учир нь Таны мэлмийд мянган жил бол
Өнгөрөн одож буй өчигдөр мэт,
Эсвэл шөнийн манаа мэт буюу.

5 Та тэднийг үерийн ус шиг хамсан бөгөөд Тэд нойронд автжээ.
Өглөөд тэд шинээр соёолон буй өвс мэт байдаг.

6 Өглөө тэр нь цэцэглэж, шинээр соёолдог.
Үдэш дөхөхөд тэр нь хагдран хатдаг.

7 Учир нь бид Таны уур хилэнгээр шатаагдаж,
Таны уур хилэнгээс бид айсан.

8 Та бидний гэм бурууг Өөрийнхөө өмнө,
Бидний нууцыг Өөрийн оршихуйн гэрэлд байрлуулсан.

9 Учир нь бүх өдрүүд маань Таны хилэнгийн дунд өнгөрсөн.
Бид санаа алдах мэт он жилүүдээ дуусгасан.

10 Бидний амьдралын өдөр хоногууд далан жил юм.
Эсвэл хэрэв хүч чадалтай бол наян жил,
Гэвч тэдгээрийн оргил нь зүдгүүр, уй гашууд өнгөрдөг.
Учир нь удалгүй энэ нь ч өнгөрч, бид нисэн оддог.

11 Таны уурын хүч чадлыг болон
Танаас эмээх хэр хэмжээгээр Таны хилэнг хэн ойлгодог вэ?

12 Иймээс бид Танд мэргэн зүрхийг өргөхийн тулд
Өөрсдийнхөө өдрүүдийг тоолохыг бидэнд зааж өгөөч.

13 Өө, ЭЗЭН, буцаж ирээч. Хэдий болтол вэ?
Өөрийн зарц нарыг өрөвдөөч.

14 Биднийг баясгалантайгаар дуулж, насан туршид баярлан байхын тулд
Өглөөд биднийг Өөрийн хайр энэрлээр хангаач.

15 Биднийг зүдрээсэн өдрийнхөө тоогоор болон
Бидний хор хохирол үзсэн жилүүдийн тоогоор биднийг баярлуулаач.

16 Өөрийнхөө үйлсийг зарц нартаа,
Өөрийнхөө сүр жавхланг хүүхдүүдэд нь үзүүлээч.

17 Бидний Бурхан Эзэний ивээл бидэн дээр байх болтугай.
Бидний гарын үйлсийг бидний төлөө бат тогтоогооч,
Тийм ээ, бидний гарын үйлсийг бат тогтоогооч.

 Дуулал (Psalms) 91

1 Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн
Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.

2 Би ЭЗЭНд хандан "Миний хоргодох газар, миний бат цайз,
Миний итгэдэг Бурхан минь" гэнэ.

3 Учир нь чамайг анчны урхинаас,
Бас үхлийн тахлаас авардаг нэгэн бол Тэр юм.

4 Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд
Түүний жигүүр дор чи хоргодох болно.
Түүний итгэлтэй байдал бол бамбай болон бэхлэлт юм.

5 Чи шөнийн аймшгаас ч,
Өдөр исгэрэх сумнаас ч айхгүй.

6 Мөн харанхуйд явагч тахлаас ч,
Үд дунд цөлжүүлэх мөхлөөс ч айхгүй.

7 Мянган хүн чиний дэргэд,
Түмэн хүн чиний баруун гар талд унавч,
Энэ нь чамд халдахгүй.

8 Чи зөвхөн нүдээрээ хараад л
Хорон муу хүнд өгөх хариуг үзэх болно.

9 Учир нь чи миний хоргодох газар болох ЭЗЭНийг буюу
Хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм.

10 Ямар ч хор хөнөөл чамд учрахгүй,
Ямар ч гамшиг чиний майханд ойртохгүй.

11 Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд
Тэр Өөрийн тэнгэр элч нарт чиний талаар тушаал өгнө.

12 Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ
Тэд чамайг гар дээрээ өргөн явна.

13 Чи арслан, наж могойг гишгэж,
Залуу арслан, могойг хөлөөрөө дэвсэлнэ.

14 "Тэр Намайг хайрласан учраас Би түүнийг аварна.
Тэр Миний нэрийг мэдсэн учраас Би түүнийг өргөмжилнө.

15 Тэр Намайг дуудах бөгөөд Би түүнд хариулна.
Саад бэрхшээлтэй үед Би түүнтэй хамт байна.
Би түүнийг аварч, хүндлэх болно.

16 Би түүнийг урт амьдралаар хангаж,
Түүнд Өөрийн авралыг үзүүлнэ.

 Дуулал (Psalms) 92

1 Өө, Хамгийн Дээд Нэгэн, ЭЗЭНд талархлыг өргөн
Таны нэрд магтан дуулах нь сайн юм.

2 Өглөө Таны хайр энэрлийг,
Шөнөөр Таны итгэлтэй байдлыг

3 Арван утаст ятга болон босоо ятгаар,
Ятгын ая дуугаар тунхаглах нь ч сайн.

4 Учир нь ЭЗЭН Та хийсэн зүйлсээрээ намайг баярлуулсан бөгөөд
Би Таны гарын үйлсийн улмаас баясгалантайгаар дуулна.

5 Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн агуу вэ!
Таны бодлууд гүн гүнзгий юм.

6 Мунхаг хүн ч мэдэхгүй,
Тэнэг хүн ч үүнийг ухаарахгүй.

7 Энэ нь хорон муу хүн өвс шиг соёолж,
Гэм бурууг үйлдэгчид бүгд цэцэглэхэд
Тэд мөнхөд устгагдахын тулд ч байсан ажгуу.

8 Харин ЭЗЭН Та бол мөнхөд эрхэм дээд юм.

9 Учир нь үзтүгэй ЭЗЭН, Таны дайснууд,
Учир нь үзтүгэй, Таны дайснууд сөнөнө.
Гэм бурууг үйлдэгчид бүгд тараагдах болно.

10 Харин Та миний эврийг зэрлэг үхрийнх мэт өргөмжилсөн.
Би шинэхэн тосоор тослогдсон.

11 Миний нүд дайснууд уруу минь харж,
Миний чих миний эсрэг босогч хорон муу хүмүүсийн тухай сонсдог.

12 Зөв шударга хүн далдуу мод шиг цэцэглэж,
Ливан дахь хуш мод шиг ургана.

13 ЭЗЭНий өргөөнд суулгагдсан
Тэд бидний Бурханы хашаануудад цэцэглэнэ.

14 Тэд хөгширсөн ч жимс гаргана.
Тэд шүүслэг ба ногоон байна.

15 Энэ нь ЭЗЭН шулуун шударга гэдгийг тунхаглахын тулд юм.
Тэр бол миний хад бөгөөд Түүн дотор шударга бус юм гэж үгүй.

 Дуулал (Psalms) 93

1 ЭЗЭН захирдаг. Тэрээр сүр жавхлангаар хувцасласан юм.
ЭЗЭН Өөрийгөө хүч чадлаар хувцаслаж бүсэлсэн.
Үнэхээр дэлхий бат бэх тогтсон бөгөөд ганхахгүй.

2 Таны сэнтий эрт дээр үеэс тогтсон.
Та өнө мөнхөөс байсан.

3 Өө, ЭЗЭН, их ус өндөрсгөж,
Их ус дуугаа өндөрсгөсөн.
Их ус давалгаануудаа өргөдөг.

4 Их усны нүргээн шуугианаас,
Далайн хүчит давалгаануудаас ч
Өндөрт буй ЭЗЭН илүү хүчтэй.

5 Таны гэрчлэлүүд маш үнэн юм.
Өө, ЭЗЭН, ариун байдал Таны өргөөнд үүрд мөнхөд зохистой.

 Дуулал (Psalms) 94

1 Өшөө авалтын Бурхан болох ЭЗЭН,
Өшөө авалтын Бурхан, гэрэлтээч!

2 Дэлхийн Шүүгч ээ, босож,
Бардамнагчдад нөхөн төлөөч.

3 Хэдий болтол хорон муу хүмүүс, ЭЗЭН,
Хэдий болтол хорон муу хүмүүс баярлаж цэнгэх вэ?

4 Тэд цацаж, дээрэлхүү үгс ярьдаг.
Хууль бусыг үйлдэгчид бүгд өөрсдөөрөө бахархдаг.

5 Өө, ЭЗЭН, тэд Таны хүмүүсийг бяцалж,
Таны өв залгамжлалыг зовоодог.

6 Тэд бэлэвсэн эмэгтэй ба харь хүнийг алж,
Өнчнийг ч хороодог.

7 Тэд "ЭЗЭН хардаггүй,
Иаковын Бурхан анхаардаггүй" гэв.

8 Ард түмний дундах мунхгууд аа, анхаараарай.
Тэнэгүүд ээ, та нар хэзээ ухаарах юм бэ?

9 Чихийг бүтээсэн Тэрээр сонсохгүй гэж үү?
Нүдийг бүтээсэн Тэрээр харахгүй гэж үү?

10 Үндэстнүүдийг гэсгээдэг,
Хүнд эрдэм мэдлэгийг заадаг Тэрээр зэмлэхгүй гэж үү?

11 ЭЗЭН хүний бодлуудыг хийгээд
Тэдгээр нь дэмий хоосон болохыг мэднэ.

12 Өө, ЭЗЭН, Таны гэсгээдэг,
Таны Өөрийн хуулиа заадаг хүн ерөөлтэй еэ!

13 Ингэснээр хорон муу хүнд нүх ухах хүртэл
Та түүнийг зовлонгийн өдрөөс ангижруулан тайвныг өгнө.

14 Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнийг хаяхгүй,
Өөрийн өвийг ч орхихгүй.

15 Учир нь шүүх дахин зөв шударга болж,
Зүрхээрээ шулуун бүгд түүнийг дагана.

16 Хэн мууг үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө босох вэ?
Хэн гэм нүгэл үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө зогсох вэ?

17 Хэрэв ЭЗЭН надад тус болоогүйсэн бол
Миний сэтгэл удахгүй чимээгүйн дунд оршихсон.

18 Хэрэв би "Миний хөл хальтирсан" гэж хэлэх ёстой байсан бол,
Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл намайг түших байсан.

19 Миний дотор санаа зовсон бодлууд олшироход
Таны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг.

20 Зарлигийн эсрэг бузар мууг сэдэгчдийн буюу
Сүйрлийн сэнтий Тантай эвсэж чадах уу?

21 Тэд хамтдаа зөв шударга хүмүүсийн амийн эсрэг бүлэглэж,
Гэмгүй хүнд үхлийн ял өгдөг.

22 Харин ЭЗЭН миний бат цайз,
Миний Бурхан миний хоргодох хад байсаар ирсэн.

23 Тэр тэдний гэм нүглийг өөрсөд дээр нь авчирсан бөгөөд
Тэднийг бузар муугийнх нь дотор устгана.
Бидний Бурхан ЭЗЭН тэднийг устгана.

 Дуулал (Psalms) 95

1 Ирэгтүн, ЭЗЭНд баясалтайгаар дуулцгаан,
Авралынхаа хаданд баяртайгаар хашхирцгаая.

2 Түүний өмнө талархалтайгаар ирж,
Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая.

3 ЭЗЭН бол аугаа их Бурхан бөгөөд
Бүх бурхдын дээд аугаа Хаан юм.

4 Дэлхийн гүн газрууд Түүний гарт байдаг бөгөөд
Уулсын шовх оройнууд ч бас Түүнийх.

5 Далай ч Түүнийх. Учир нь Тэрээр түүнийг бүтээсэн Нэгэн бөгөөд
Түүний мутар хуурай газрыг ч дүрсэнд оруулсан.

6 Ирэгтүн, мөргөж, бөхийн,
Биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө өвдөг сөгдөцгөөе.

7 Учир нь ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд
Бид Түүний хариулдаг хүмүүс, Түүний мутрын хонин сүрэг юм.
Өнөөдөр та нар Түүний дууг сонссон бол

8 Мерибад болсны адил,
Цөлд Массагийн өдөр болсны адил зүрхээ бүү хатууруул.

9 "Та нарын эцэг өвгөд сориход,
Миний үйлсийг харсан хэрнээ Намайг шалгахад нь

10 Дөчин жилийн турш Би тэр үеийнхэнд цухалдаж,
Тэднийг зүрхэндээ төөрөлдсөн бөгөөд
Миний замуудыг мэддэггүй хүмүүс хэмээн айлдсан.

11 Тиймээс Би уурандаа
Үнэхээр тэд Миний амралт уруу орохгүй хэмээж андгайлсан".

 Дуулал (Psalms) 96

1 ЭЗЭНд шинэ дууг дуулагтун.
Бүх дэлхий ЭЗЭНд дуулагтун.

2 ЭЗЭНд дуулж, Түүний нэрийг магтагтун.
Түүний авралын сайн мэдээг өдрөөс өдөрт тунхаглагтун.

3 Түүний алдрыг үндэстнүүдийн дунд,
Түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд тунхаглагтун.

4 ЭЗЭН аугаа их учир эрхэм дээдээр магтагдах юм.
Бүх бурхдаас илүүгээр Түүнээс эмээвэл зохино.

5 Учир нь хүмүүсийн бүх бурхад бол хоосон шүтээнүүд,
Харин ЭЗЭН тэнгэрүүдийг бүтээсэн.

6 Цог жавхлан ба сүр жавхлан Түүний өмнө,
Хүч чадал ба үзэсгэлэн Түүний ариун газарт байдаг.

7 Ард түмнүүдийн ургууд аа, ЭЗЭНд өгөгтүн,
ЭЗЭНд алдар ба хүч чадлыг өгөгтүн.

8 ЭЗЭНд нэрийнх нь алдрыг өгөгтүн.
Өргөл авчирч, Түүний өргөөний хашаанд ирэгтүн.

9 Ариун байдлын гоо үзэсгэлэнгээр ЭЗЭНд мөргөгтүн.
Бүх дэлхий Түүний өмнө чичрэгтүн.

10 Үндэстнүүдийн дунд "ЭЗЭН захирдаг.
Үнэхээр ертөнц бат бэх тогтоогдсон бөгөөд ганхахгүй.
Тэрээр хүмүүсийг шударга ёсоор шүүнэ" гэж хэл.

11 Тэнгэрүүдийг баясгаж, газар дэлхийг баярлуул.
Далай болон түүний доторх бүх юмсыг нүргэлүүл.

12 Талбай болон түүний доторх бүх юмсыг баясга.
Тэгээд ойн бүх модод ЭЗЭНий өмнө баясан дуулна.

13 Учир нь Тэр ирж байна,
Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна.
Тэрээр ертөнцийг зөв шударгаар,
Хүмүүсийг Өөрийн итгэлтэй байдлаар шүүнэ.

 Дуулал (Psalms) 97

1 ЭЗЭН захирдаг, газар дэлхий баясагтун.
Олон арлууд ч баярлагтун.

2 Үүлс ба түнэр харанхуй Түүнийг хүрээлдэг.
Зөв шударга ба шударга ёс бол Түүний сэнтийн суурь юм.

3 Түүний өмнө гал гарч,
Эргэн тойронд Түүний өстнүүдийг шатаадаг.

4 Түүний аянга цахилгаан ертөнцийг гэрэлтүүлдэг.
Газар дэлхий хараад, чичрэв.

5 Бүх дэлхийн Эзэний өмнө буюу
ЭЗЭНий өмнө уулс лааны тос шиг хайлсан.

6 Тэнгэрүүд Түүний зөв шударгыг тунхагладаг бөгөөд
Бүх хүмүүс Түүний цог жавхланг харсан.

7 Сийлмэл хөргүүдэд үйлчилдэг,
Шүтээнүүдээр бардамнадаг бүх хүмүүс ичих болтугай.
Бүх бурхад аа, Түүнд мөргөгтүн.

8 Өө, ЭЗЭН, Таны шүүлтүүдээс болж
Сион сонсоод баярлаж,
Иудагийн охид баяссан.

9 Учир нь Та бол бүх дэлхийн дээр Хамгийн Дээд ЭЗЭН юм.
Та бүх бурхдаас хавьгүй дээгүүр өргөмжлөгдсөн.

10 Өөрийн бурханлаг хүмүүсийн сэтгэлийг хамгаалдаг
ЭЗЭНийг хайрлагч та нар, бузар мууг үзэн яд.
Тэр тэднийг хорон муу хүний гараас авардаг.

11 Зөв шударга хүний төлөө гэрэл,
Шулуун шударга зүрхтэй хүний төлөө баяр хөөр таригдсан.

12 Зөв шударга та нар, ЭЗЭНд баярлаж,
Түүний ариун нэрд талархагтун.

 Дуулал (Psalms) 98

1 ЭЗЭНд шинэ дууг дуулагтун.
Учир нь Тэрээр гайхамшигтай зүйлсийг үйлдсэн бөгөөд
Түүний баруун гар ба Түүний ариун мутар Түүнд авралыг гүйцэтгэсэн.

2 ЭЗЭН Өөрийн авралыг мэдүүлсэн.
Тэрээр үндэстнүүдийн нүдэнд Өөрийн зөв шударга байдлыг илчилсэн.

3 Тэрээр Израилийн гэрт хандсан Өөрийн хайр энэрэл ба итгэлтэй байдлаа санасан.
Дэлхийн зах хязгаар бүр бидний Бурханы авралыг үзсэн юм.

4 Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун.
Дуу гарган, баярлан дуулж, магтан дуулагтун.

5 Ятгаар болон ая эгшгээр,
Ятгаар ЭЗЭНд магтан дуулагтун.

6 Бүрээнүүд болон эвэр бүрээний дуугаар
ЭЗЭН болох Хааны өмнө баяртайгаар хашхирагтун.

7 Далай болон түүний доторх бүх юмсыг,
Ертөнц болон түүн дотор оршигч бүхнийг нүргэлүүл.

8 ЭЗЭНий өмнө гол мөрнүүдийг алга ташуулан,
Уул нуруудыг баярлан дуулуул.

9 Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна.
Тэрээр ертөнцийг зөв шударгаар,
Хүмүүсийг тэгш ёсоор шүүх болно.

 Дуулал (Psalms) 99

1 ЭЗЭН захирдаг. Хүмүүсийг чичрүүлэгтүн.
Тэрээр херубуудын дээр залардаг. Газар дэлхийг ганхуулагтун.

2 ЭЗЭН Сионд агуу бөгөөд
Бүх үндэстний дээр өргөмжлөгдсөн.

3 Таны агуу, сүрдмээр нэрийг тэд магтан дуулаг.
Тэр бол ариун.

4 Хааны хүч чадал нь шүүхийг хайрладаг.
Та тэгш ёсыг батжуулсан.
Та Иаковын дотор шүүх ба зөв шударга байдлыг гүйцэлдүүлсэн.

5 Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж,
Түүний хөлийн гишгүүрийн өмнө мөргөгтүн.
Тэр бол ариун.

6 Мосе, Аарон нар Түүний тахилч нарын дунд,
Мөн Самуел Түүний нэрийг дуудагчдын дунд байсан.
Тэд ЭЗЭНийг дуудсанд Тэрээр тэдэнд хариулсан.

7 Тэр тэдэнд үүлэн багананаас айлдсан.
Тэд Түүний өгсөн гэрчлэл болон зарлигийг сахин биелүүлсэн.

8 Бидний Бурхан ЭЗЭН, Та тэдэнд хариулсан.
Та тэднийг уучилдаг Бурхан,
Мөн тэдний үйлдсэнд хариуг өгөгч байсан.

9 Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж,
Түүний ариун ууланд мөргөгтүн.
Учир нь бидний Бурхан ЭЗЭН бол ариун.

 Дуулал (Psalms) 100

1 Бүх газар дэлхий, ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун.

2 ЭЗЭНд баяртайгаар үйлчил.
Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн.

3 ЭЗЭН Өөрөө бол Бурхан гэдгийг мэдтүгэй.
Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус юм.
Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг.

4 Түүний дааман хаалгаар талархалтайгаар,
Түүний хашаанд магтаалтайгаар ор.
Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт.

5 Учир нь ЭЗЭН бол сайн.
Түүний хайр энэрэл мөнхийнх бөгөөд
Түүний итгэлтэй байдал бүх үеийнхэнд юм.

 Дуулал (Psalms) 101

1 Би хайр энэрэл ба шударга ёсны тухай дуулна,
Өө, ЭЗЭН Танд би магтан дуулна.

2 Би төгс замд анхааралтай явна.
Та над уруу хэзээ ирэх вэ?
Би гэр дотроо үнэнч зүрхээр явах болно.

3 Би нүднийхээ өмнө ямар ч хорон юмыг байлгахгүй.
Би урвагчдын ажлыг үзэн яддаг.
Тэр нь надад наалдахгүй.

4 Зальхай зүрх надаас сална.
Би ямар ч бузар муу зүйлийг мэдэхгүй болно.

5 Өөрийн хөршийг сэмхэн муулагчдыг би устгана.
Дээгүүр харц, бардам сэтгэлтэй хэнийг ч би тэвчихгүй.

6 Тэднийг өөртэйгөө хамт суулгахын тулд
Нүд минь энэ газар нутгийн итгэлтэй хүмүүсийг ажиглана.
Төгс замаар явагч нэгэн надад үйлчилнэ.

7 Хууран мэхлэгч хүн миний гэрт оршин суухгүй.
Худал яригч хүн миний өмнө байр сууриа хадгалахгүй.

8 Гэм бурууг үйлдэгч бүхнийг ЭЗЭНий хотоос таслахын тулд
Өглөө бүр би энэ газар нутгийн бүх хорон муу хүнийг устгана.

 Дуулал (Psalms) 102

1 Өө, ЭЗЭН, миний залбирлыг сонсооч!
Миний тусламж гуйсан хашхиралт Танд хүрэг.

2 Зовлон бэрхшээлийн минь өдөр надаас нүүрээ бүү нуугаач.
Над уруу чихээ хандуулаач.
Миний дуудах өдөр надад хурдан хариулаач.

3 Учир нь миний өдрүүд утаа шиг замхарсан бөгөөд
Яснууд минь ч цуцал мод шиг шатсан.

4 Зүрх минь зүлэг ногоо шиг ширх хорхойд баригдаж, хагдарсан.
Би талхаа идэхээ ч үнэхээр мартсан.

5 Ёолох дууны минь чангаас болж
Яс минь маханд минь наалдав.

6 Би хээр талын хотон шувуутай ижилссэн.
Би зэлүүд нутгийн шар шувуу шиг болсон.

7 Би сэрүүн хэвтдэг,
Би дээвэр дээрх ганцаардсан шувуу шиг болсон.

8 Миний дайснууд намайг өдөржингөө буруутгасан.
Надад хорссон хүмүүс миний нэрийг хараалд ашигласан.

9 Учир нь би үнсийг талх шиг идэж,
Уух усаа нулимстайгаа хольсон нь

10 Таны зэвүүцэл болон Таны хилэнгээс болсон юм.
Учир нь Та намайг дээш өргөөд, шидсэн.

11 Миний өдрүүд уртассан сүүдэр шиг бөгөөд
Би өвс шиг гандан хатаж байна.

12 Харин ЭЗЭН Та мөнхөд оршдог,
Таны нэр ч үеийн үед байдаг.

13 Та босож, Сионыг өрөвдөнө.
Учир нь түүнийг нигүүлсэх цаг одоо ирлээ,
Тогтоосон цаг ирлээ.

14 Таны зарц нар түүний чулуунд үнэхээр баярлаж,
Түүний тоос шороог ч өрөвддөг.

15 Ингээд үндэстнүүд ЭЗЭНий нэрээс,
Дэлхийн бүх хаад Таны алдраас эмээнэ.

16 Учир нь ЭЗЭН Сионыг босгон байгуулжээ.
Тэр Өөрийн цог жавхлангийн дунд үзэгдсэн.

17 Тэрээр үгээгүйчүүдийн залбирлыг хүлээн авч,
Тэдний залбирлыг жигшдэггүй.

18 Хожим бүтээгдэх хүмүүс ЭЗЭНийг магтахын тулд
Энэ нь ирэх үеийнхний төлөө бичигдэнэ.

19 Учир нь Тэр Өөрийн ариун өндөрлөгөөс харсан.
Тэнгэрээс ЭЗЭН газар дэлхийг ширтсэн.

20 Энэ нь хоригдлын ёолохыг сонсож,
Үхлийн ял авсан хүмүүсийг чөлөөлөхийн тулд юм.

21 Ингэснээр Сионд ЭЗЭНий нэрийг,
Иерусалимд Түүний магтаалыг

22 Хүмүүсийг хамтдаа ирж,
ЭЗЭНд үйлчлэхээр хаанчлалуудыг цуглахад тунхаглах ажгуу.

23 Тэрээр зам зуур миний хүч чадлыг сулруулсан.
Тэр миний өдрүүдийг богиносгосон.

24 Би "Бурхан минь ээ, өдрүүдийн минь дундаас намайг бүү аваач.
Таны жилүүд үеийн үед байдаг юм.

25 Та эрт үед газар дэлхийн суурийг тавьсан.
Тэнгэрүүд ч Таны гарын бүтээл юм.

26 Тэд ч сөнөнө, харин Та мөнх оршино.
Тэдгээр нь бүгд өмсгөл шиг элэгдэнэ.
Хувцас шиг Та тэднийг солих бөгөөд тэд ч солигдоно.

27 Гэвч Та хэвээрээ болоод
Таны он жилүүд төгсөхгүй.

28 Таны зарц нарын үр хүүхдүүд үргэлжлүүлэн амьдарч,
Тэдний үр удмууд Таны өмнө бат зогсоно" гэдэг.

 Дуулал (Psalms) 103

1 Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.
Дотор минь байгаа бүхэн ч Түүний ариун нэрийг магтагтун.

2 Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж,
Түүний ач тусын алийг нь ч бүү март.

3 Тэр чиний бүх гэм бурууг уучилж,
Чиний бүх өвчнийг илааршуулдаг.

4 Тэр чиний амийг мөхлөөс аварч,
Чамд хайр энэрэл болон өршөөлийн титмийг өмсгөдөг.

5 Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулд
Тэр чиний хүслийг сайн зүйлсээр хангадаг.

6 ЭЗЭН дарлагдсан бүхний төлөө
Зөв шударга үйлсийг болон шүүлтүүдийг үйлддэг.

7 Тэр Өөрийн замыг Мосед,
Өөрийн үйлсийг Израилийн хөвгүүдэд мэдүүлсэн.

8 ЭЗЭН бол өрөвч, нигүүлсэнгүй,
Уурлахдаа удаан болоод хайр энэрлээр элбэг баян.

9 Тэр үргэлж тэмцэлдэхгүй,
Уураа ч мөнхөд хадгалахгүй.

10 Тэр бидний үйлдсэн нүглийн дагуу бидэнд хандаагүй,
Бидний гэм буруугийн дагуу бидэнд хариу өгөөгүй.

11 Учир нь тэнгэр газрын дээгүүр өндөрт байдаг шиг
Түүнээс эмээгчдэд Түүний хайр энэрэл агуу их юм.

12 Өрнө дорноос хол байдаг шиг
Тэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан.

13 Эцэг хүн үр хүүхдээ өрөвддөгийн адил
ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг.

14 Учир нь Тэр Өөрөө бидний хэрхэн бүтсэнийг мэддэг.
Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг.

15 Хүний хувьд гэвэл, түүний өдрүүд өвс ногоо шиг байдаг.
Тэрээр хээрийн цэцэг шиг өсөн хөгждөг.

16 Дээгүүр нь салхи өнгөрөхөд тэр үгүй болдог бөгөөд
Түүний газар нь ч түүнийг дахин таньдаггүй.

17 Харин ЭЗЭНий хайр энэрэл Түүнээс эмээгчдийн дээр мөнхөөс мөнхөд болоод
Түүний зөв шударга байдал үр хүүхдүүдийн үр хүүхдүүдэд хүрдэг.

18 Энэ нь Түүний гэрээг сахигчдад,
Түүний заавруудыг биелүүлэхээр санагчдад юм.

19 ЭЗЭН Өөрийн сэнтийг тэнгэрт залсан бөгөөд
Түүний хаанчлал бүхнийг захирдаг.

20 Түүний үгийн дууг даган
Түүний үгийг биелүүлдэг, хүч чадалтай,
Түүний тэнгэр элч нар аа, ЭЗЭНийг магтагтун.

21 Түүний хүслийг биелүүлэн Түүнд үйлчилдэг
Түүний түмэн цэргүүд ээ, та нар ЭЗЭНийг магтагтун.

22 Түүний захирдаг бүх газарт буй
Түүний бүтээлүүд болох та бүгд ээ, ЭЗЭНийг магтагтун.
Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.

 Дуулал (Psalms) 104

1 Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.
Миний Бурхан ЭЗЭН Та бол агуу их юм.
Та цог жавхлан, сүр хүчээр хувцасласан.

2 Тэгэхдээ хувцас өмсдөгийн адил Өөртөө гэрлийг өмсөж,
Тэнгэрийг хөшиг шиг татдаг.

3 Тэр Өөрийн дээд тасалгааны тулгуурыг усан дотор тавьдаг.
Тэрээр үүлсийг Өөрийн тэрэг болгон хөлөглөдөг.
Тэрээр салхины жигүүрээр явдаг.

4 Тэрээр салхийг Өөрийн элч,
Галын дөлийг Өөрийн үйлчлэгч болгодог.

5 Үүрд мөнхөд гуйвуулж дайвуулахгүйн тулд
Тэрээр газар дэлхийг суурин дээр нь тогтоон тавьсан.

6 Та түүнийг хувцсаар халхлахын адил гүнээр бүрхсэн.
Их ус уулсын дээр байлаа.

7 Таны зэмлэлээс тэд зугтаж,
Таны аянгын дуунаас тэд зайлан одсон.

8 Уулс өргөгдсөн. Хөндий талууд
Таны тэдэнд оноож тогтоосон газар уруу доош суусан.

9 Тэднийг газрыг бүрхэхээр буцаж ирүүлэхгүйн тулд,
Тэднийг халиулахгүйн тулд Та их усны хязгаарыг тогтоосон юм.

10 Тэрээр хөндийд булаг оргилуулдаг.
Тэдгээр нь уулсын дундуур урсдаг.

11 Тэдгээр нь хээр талын араатан амьтан бүрийг ундаалж,
Хулангуудын цангааг ч тайлдаг.

12 Тэдгээрийн дэргэд огторгуйн шувууд нутагшиж,
Мөчрүүдийн дунд дуулан жиргэдэг.

13 Тэр Өөрийн дээд тасалгаанаас уулсыг усалдаг.
Түүний үйлсийн үр жимсэнд газар дэлхий хангалуун байдаг.

14 Тэрээр мал сүрэгт зориулан өвсийг,
Хүний хөдөлмөрт зориулан хүнсний ногоог ургуулдаг.
Энэ нь түүгээр газар шорооноос хүнсийг болон

15 Хүний зүрхийг баясгадаг дарсыг,
Нүүрийг өнгөлдөг тосыг болон
Хүний зүрхийг тэнхрүүлдэг хоол хүнсийг гаргуулахын тулд юм.

16 ЭЗЭНий модод,
Түүний тарьсан Ливаны хуш модод арвин ихээр ундаалдаг юм.

17 Тэнд шувууд болон
Нарс модыг оромж болгодог өрөвтас ч үүрээ засдаг.

18 Өндөр уулс янгирт зориулагдсан.
Хадан цохио доргоны хоргодох газар болдог.

19 Тэрээр цаг хугацааг заахаар сарыг бүтээсэн.
Нар ч шингэх газраа мэддэг.

20 Та харанхуйг томилсонд тэр нь шөнө болдог.
Тэгэхэд ойн бүх араатан амьтад хэсэн явдаг.

21 Залуу арслангууд идэшнийхээ хойноос архирч,
Бурханаас хүнсээ гуйдаг.

22 Нар мандахад тэд буцаж,
Агуйнууддаа очин хэвтдэг.

23 Хүн ч ажиллахаар,
Үдэш болтол хөдөлмөрлөхөөр гардаг.

24 Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн их вэ!
Мэргэн ухаанаар Та тэд бүхнийг бүтээсэн.
Газар дэлхий Таны баялгаар дүүрэн юм.

25 Агуу, өргөн далай байдаг бөгөөд
Тэнд тоо томшгүй олон мөлхөгчид буюу
Том, жижиг амьтад бий.

26 Тэнд усан онгоцнууд нааш цааш явдаг бөгөөд
Тэнд тоглож байхаар Таны бүтээсэн Левиатан ч бий.

27 Тогтоосон цагт нь хоол хүнсийг нь өгөхийг тань
Тэд бүгд хүлээж байдаг.

28 Таныг тэдэнд өгвөл тэд түүж авдаг.
Таныг мутраа дэлгэхэд тэд сайн сайханд ханадаг.

29 Таныг нүүрээ нуухад тэд хямардаг.
Таныг тэдний амьсгалыг авахад тэд үхэж,
Хөрс шороондоо буцдаг.

30 Та Өөрийн Сүнсийг илгээхэд тэд бүтээгддэг.
Тэгээд Та газрын өнгө төрхийг шинэчилдэг.

31 ЭЗЭНий алдар мөнхөд байх болтугай.
ЭЗЭН Өөрийн үйлсэд баярлах болтугай.

32 Түүнийг газар дэлхий уруу харахад тэр нь чичирдэг.
Түүнийг уулсад хүрэхэд тэдгээр нь утаа гаргадаг.

33 Би амьдрах хугацаандаа ЭЗЭНд дуу дуулна.
Би амьд байхдаа Бурханаа магтан дуулна.

34 Миний бясалгалууд Түүнд тааламжтай байх болтугай.
Би ЭЗЭНий дотор баярлах болно.

35 Нүгэлтнүүд газар дэлхийгээс зайлуулагдаж,
Хорон муу хүмүүс байхгүй болог.
Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.
ЭЗЭНийг магтагтун.

 Дуулал (Psalms) 105

1 ЭЗЭНд талархлыг өргөж, Түүний нэрийг дуудагтун.
Түүний үйлсийг ард түмний дунд мэдүүлэгтүн.

2 Түүнд дуу, Түүнд магтан дуулагтун.
Түүний бүх гайхамшгуудын тухай тунхагла.

3 Түүний ариун нэрээр сайрх.
ЭЗЭНийг эрэн хайгчдын зүрх баяртай байх болтугай.

4 ЭЗЭНийг хийгээд Түүний хүч чадлыг эрэлхийлэгтүн.
Түүний нүүр царайг үргэлж хайгтун.

5 Түүний үйлдсэн гайхамшгуудыг нь,
Түүний гайхамшигт юмс болоод Түүний амнаас гарах шүүлтийг санагтун.

6 Абрахамын үр удам, Түүний зарц,
Иаковын хөвгүүд, Түүний сонгосон хүмүүс ээ!

7 Тэр бол бидний Бурхан ЭЗЭН юм.
Түүний шүүлтүүд бүх дэлхийд байдаг.

8 Тэр Өөрийн гэрээг буюу
Мянган үеийнхэнд Өөрийн тушаасан үгийг мөнхөд санасан.

9 Энэ бол Абрахамтай Түүний байгуулсан гэрээ болон
Исаакт тавьсан Түүний тангараг юм.

10 Тэгээд Тэр түүнийг Иаковд тогтоол болгон,
Израильд мөнхийн гэрээ болгон баталсан юм.

11 Ингэхдээ "Би чамд Канаан нутгийг
Та нарын өв залгамжлалын хувь болгон өгнө" гэсэн юм.

12 Тэгэхэд тэд тоогоор цөөхөн,
Маш цөөхөн бөгөөд тэр нутагт харийн хүмүүс байв.

13 Тэд үндэстнээс үндэстэн уруу,
Нэг хаанчлалаас өөр хүмүүс уруу тэнүүчилсэн.

14 Тэр тэднийг дарлахыг хэнд ч зөвшөөрөөгүй бөгөөд
Тэдний төлөө хаадыг ч зэмлэн

15 "Миний тослогдогчдод бүү хүр,
Миний эш үзүүлэгчдэд бүү хор хүргэ" гэв.

16 Тэрээр тэр нутагт өлсгөлөнг дуудан ирүүлсэн.
Тэр талхны бүх нөөцийг үгүй болгосон.

17 Тэр тэдний өмнө нэг хүнийг буюу
Боол болон худалдагдсан Иосефыг илгээсэн.

18 Тэд түүний хөлийг дөнгөлсөн.
Тэр өөрөө төмрөөр гинжлэгдсэн.

19 Энэ нь түүний үгс биелэгдэх хүртэл байв.
ЭЗЭНий үг түүнийг туршсан.

20 Хаан хүмүүсийг илгээж, түүнийг сулласан,
Үндэстнүүдийн захирагчдыг явуулж түүнийг чөлөөлсөн.

21 Тэр түүнийг өөрийн гэрийн эзэн,
Өөрийн бүх эзэмшлийн захирагч болгосон.

22 Ингэсэн нь тааллаар ноёдыг хянахын тулд бөгөөд
Түүгээр өөрийн ахлагчдад мэргэн ухааныг заалгахын тулд болой.

23 Израиль ч бас Египетэд ирсэн.
Ингэж Иаков Хамын нутагт түр суусан.

24 Тэр Өөрийн ард түмнийг өнөр өтгөн болохыг зөвшөөрч,
Тэднийг өстнүүдээс нь илүү хүчтэй болгосон.

25 Тэр тэдний зүрхийг Өөрийнх нь хүмүүсийг үзэн ядахаар
Өөрийнх нь зарц нарыг залилахаар эргүүлсэн.

26 Тэр Өөрийн зарц Мосег,
Өөрийн сонгосон Аароныг илгээсэн.

27 Тэд хүмүүсийн дунд Түүний гайхамшигт үйлсийг,
Хамын нутагт гайхамшгуудыг үйлдсэн.

28 Тэрээр харанхуйг илгээж, харанхуй болгосон.
Тэд Түүний үгсийг эсэргүүцсэнгүй.

29 Тэр тэдний усыг цус болгон хувиргаж,
Загасыг нь үхүүлсэн.

30 Тэдний нутаг мэлхийгээр дүүрч,
Тэдний хааны ордонд ч орж ирсэн.

31 Түүнийг айлдсанд ялаан сүрэг,
Бүх нутаг дэвсгэрт нь бөөс орж иржээ.

32 Тэр тэдэнд борооны оронд мөндөр оруулж,
Тэдний нутагт галтай дөлийг буулгасан.

33 Тэр бас тэдний усан үзмийн модод ба инжир моддыг нь хуга цохиж,
Нутаг хязгаарынх нь моддыг цавчсан.

34 Түүнийг айлдсанд царцаа буюу
Тоо томшгүй олон залуу царцаа ирж,

35 Тэдний нутгийн бүх ногоог,
Газрынх нь үр жимсийг идэж цөлмөсөн.

36 Тэр бас тэдний нутгийн бүх ууган хөвгүүдийг,
Тэдний хүч тэнхээний анхны үр жимсийг цохин унагаасан.

37 Дараа нь Тэр тэднийг алт мөнгөөр гаргасан бөгөөд
Түүний овгуудын дотор бүдэрсэн хүн нэг ч байгаагүй.

38 Тэднийг хөдлөн явах үед Египет баяртай байсан.
Учир нь тэднээс айх айдаст тэд автжээ.

39 Тэрээр хөшиг болгон үүлсийг,
Мөн шөнөөр гэрэлтүүлэхээр галыг тараасан.

40 Тэднийг гуйсанд Тэрээр бөднө шувууг авчирч,
Тэднийг тэнгэрийн талхаар хангасан.

41 Тэрээр хадыг нээсэнд ус олгойдон гарав.
Тэр нь хуурай газруудаар гол мэт урссан.

42 Учир нь Тэр Өөрийн ариун үгийг,
Өөрийн зарц Абрахамыг дурсан санасан юм.

43 Тэр Өөрийн хүмүүсийг баяр хөөртэйгөөр,
Өөрийн сонгосон хүмүүсийг баярт уухайтайгаар гарган авчирсан.

44 Тэр бас тэдэнд үндэстнүүдийн газар нутгийг өгсөн нь
Хүмүүсийн хөдөлмөрийг тэднийх болгуулахын тулд юм.

45 Энэ нь тэднээр Өөрийн зарлигуудыг сахиулж,
Өөрийн хуулиудыг даган мөрдүүлэхийн тулд байв.
ЭЗЭНийг магтагтун.

 Дуулал (Psalms) 106

1 ЭЗЭНийг магтагтун.
ЭЗЭНд талархал өргө, учир нь Тэр бол сайн бөгөөд
Түүний хайр энэрэл мөнхийнх юм.

2 Хэн ЭЗЭНий сүр хүчит үйлсийн тухай өгүүлж,
Эсвэл Түүний бүх магтаалыг тунхаглаж чадах вэ?

3 Шударга ёсыг сахигчид,
Зөв шударгыг үргэлж үйлдэгч хүн юутай ерөөлтэй вэ?

4 Өө, ЭЗЭН, Өөрийн ард түмний төлөөх ивээлээр намайг санаач.
Өөрийн авралыг аван над уруу айлчлаач.

5 Энэ нь би Таны сонгогдсон хүмүүсийн сайн сайхныг харж,
Таны үндэстний баяр хөөрт баясгаж,
Таны өвөөр бахархахын тулд юм.

6 Бид эцэг өвгөдийнхөө адил нүгэл үйлдэж,
Бид гэм бурууг хийж, хорон муугаар үйлджээ.

7 Бидний эцэг өвгөд Египетэд Таны гайхамшгуудыг ухаарсангүй.
Тэд Таны үй олон энэрлийг санаагүй,
Харин тэнгисийн дэргэд, Улаан тэнгист тэрсэлсэн.

8 Гэсэн ч, Өөрийнхөө сүр хүчийг мэдүүлэхийн тулд
Тэр Өөрийн нэрийн төлөө тэднийг аварсан.

9 Ийнхүү Тэрээр Улаан тэнгисийг зэмлэсэнд тэр нь хатсан бөгөөд
Тэр тэднийг гүнээр цөл газраар мэт удирдсан.

10 Ингээд Тэр тэднийг үзэн ядагчийн гараас аварч,
Дайсны гараас зольсон.

11 Тэдний өстнүүдийг ус бүрхсэн.
Тэдний нэг нь ч үлдсэнгүй.

12 Тэгэхэд тэд Түүний үгэнд итгэсэн.
Тэд Түүний магтаалыг дуулсан.

13 Тэд Түүний үйлсийг хурдан мартжээ.
Тэд Түүний зөвлөгөөг хүлээгээгүй,

14 Харин цөлд ихэд шунахайрч,
Зэлүүд газарт Бурханыг сорьсон.

15 Иймээс Тэр тэдэнд шаардсаныг нь өгсөн боловч
Тэдний сүнсийг эцээх өвчинг илгээсэн.

16 Хуаранд байхдаа тэд Мосед болон
ЭЗЭНий ариун хүн Ааронд атаархсанд

17 Газар нээгдэн, Датаныг залгиж,
Абирамын бүлгийг дарсан.

18 Тэдний бүлэгт гал дүрэлзэж,
Галын дөл хорон муу хүнийг шатаасан.

19 Тэд Хоребт тугалыг бүтээж,
Цутгамал хөрөгт мөргөцгөөсөн.

20 Ингэж тэд өөрсдийн алдрыг
Өвс иддэг үхрийн дүрсээр сольсон.

21 Египетэд агуу зүйлсийг хийсэн
Өөрсдийн Аврагч Бурханыг тэд мартсан.

22 Тэрээр Хам нутагт гайхамшгуудыг,
Улаан тэнгисийн дэргэд сүрдмээр зүйлсийг үйлдсэн юм.

23 Тиймээс тэднийг устгана гэж Тэр айлдсан бөгөөд
Түүний уур хилэнг тэднийг устгахаас болиулан буцаахын тулд
Түүний сонгосон хүн Мосе Түүний өмнө зөрчил дунд зогсоогүйсэн бол үүнийгээ гүйцэлдүүлэхсэн.

24 Дараа нь тэд тааламжит газар нутгийг үл ойшоосон.
Тэд Түүний үгэнд итгээгүй,

25 Харин майхан дотроо эгдүүцэн бувтнасан.
Тэд ЭЗЭНий дуу хоолойг сонссонгүй.

26 Тиймээс Түүний тэдэнд тангарагласан нь
Тэднийг зэлүүд цөл газарт хаян,

27 Тэдний үр удмыг үндэстнүүдийн дунд унагаж,
Газар бүрд тэднийг тараах болно гэсэн юм.

28 Тэд Баал-пеортой нийлж,
Үхэгсдэд өргөсөн тахилуудыг иджээ.

29 Ингэснээр тэд өөрсдийн үйлдлээр Түүнийг уурлахад хүргэсэн бөгөөд
Тэдний дунд тахал дэлгэрсэн.

30 Тэр үед Финехас босож, шүүлтийг гүйцэтгэсэн бөгөөд
Үүнээс болж тахал зогссон.

31 Энэ нь бүх үеийнхэнд мөнхөд
Түүнд зөвт байдалд тооцогдсон.

32 Тэд бас Мерибагийн их усны дэргэд Түүнийг хилэгнэхэд хүргэсэн бөгөөд
Тэднээс болж Мосед бэрхшээл учирсан.

33 Тэд Түүний Сүнсний эсрэг тэрсэлсэн учраас
Мосе гоомой үгс хэлсэн.

34 ЭЗЭНий тэдэнд тушаасны дагуу
Тэд ард түмнүүдийг устгаагүй,

35 Харин үндэстнүүдтэй хутгалдаж,
Тэдний үйлсээс суралцан,

36 Өөрсдөд нь урхи болсон тэдний шүтээнүүдэд үйлчилсэн.

37 Түүгээр ч барахгүй тэд өөрсдийн охид, хөвгүүдээр чөтгөрүүдийг тахиж,

38 Гэмгүй цусыг буюу
Канааны шүтээнүүдэд тахисан
Өөрсдийн охид, хөвгүүдийнхээ цусыг урсгажээ.
Тэр газар ч цусаар бузарлагдсан.

39 Ингээд тэд өөрсдийгөө үйлсээрээ бузарлан,
Үйлдлээрээ садар самууныг хийжээ.

40 Тиймээс ЭЗЭНий уур хилэн Өөрийнхөө хүмүүсийн эсрэг асаж,
Тэр Өөрийн өвийг жигшсэн.

41 Тэгээд Тэр тэднийг үндэстнүүдийн гарт оруулсан бөгөөд
Тэднийг үзэн ядагчид тэднийг захирсан.

42 Тэдний дайснууд ч бас тэднийг дарангуйлж,
Гар дороо тэднийг захирсан.

43 Олон удаа Тэр тэднийг авардаг байсан.
Харин тэд өөрийн санаагаар тэрсэлж,
Өөрсдийн гэм буруу дотроо улам шигдсээр байв.

44 Тийм байсан ч, тэдний хашхирахыг сонсохдоо
Тэрээр зовлонг нь анхаарсан.

45 Тэр тэдний төлөө Өөрийн гэрээг санаж,
Өөрийн хайр энэрлийн үлэмж ихийн ёсоор зөөлрөв.

46 Тэр бас бүх олзлогчдынх нь өмнө
Тэднийг өрөвдсөн.

47 Бидний Бурхан ЭЗЭН, биднийг аварч,
Таны ариун нэрд талархал өргүүлэхээр болон
Таны магтаалд бахархуулахаар
Биднийг үндэстнүүдийн дундаас цуглуулаач.

48 Израилийн Бурхан ЭЗЭН
Өнө мөнхөд магтагдах болтугай.
Бүх хүмүүсээр "Амен" хэмээн хэлүүлэгтүн.
ЭЗЭНийг магтагтун!

 Дуулал (Psalms) 107

1 ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр бол сайн бөгөөд
Түүний хайр энэрэл мөнхийнх.

2 ЭЗЭНий золигдсон хүмүүс өгүүлэгтүн.
Тэднийг Тэр өстний гараас зольж,

3 Өрнө хийгээд дорноос,
Өмнөд хийгээд умраас,
Нутаг бүрээс цуглуулсан.

4 Тэд цөл нутагт зэлүүд газар тэнэж байв.
Тэд оршин суугчидтай хот уруу хөтлөх замыг олж чадахгүй байв.

5 Өлсөж, цангаад
Тэдний сэтгэл тэдний дотор сульдсан.

6 Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан.
Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь аварсан.

7 Оршин суугчидтай хот уруу нь явуулахаар
Тэр бас тэднийг шулуун замаар хөтөлсөн.

8 Хайр энэрлийнх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!

9 Учир нь Тэр цангасан сэтгэлийг хангалуун болгож,
Өлссөн сэтгэлийг сайн зүйлсээр дүүргэсэн.

10 Тэд бол харанхуйд болон үхлийн сүүдэрт суугчид,
Арчаагүй байдал болон төмрөөр гинжлэгдсэн хүмүүс юм.

11 Яагаад гэвэл тэд Бурханы үгсийн эсрэг тэрслэн,
Хамгийн Дээд Нэгэний зөвлөгөөг үл тоосон.

12 Тиймээс Тэр тэдний зүрхийг хөдөлмөрөөр номхтгосон.
Тэд бүдрэн унасан бөгөөд хэн ч тусалсангүй.

13 Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан.
Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь аварсан.

14 Тэр тэднийг харанхуйгаас болоод үхлийн сүүдрээс гаргаж,
Тэдний хүлээсийг тасалсан.

15 Хайр энэрлийнх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!

16 Учир нь Тэр хүрэл дааман хаалгыг хэмхэлж,
Төмөр түгжээг нь хугалсан.

17 Өөрсдийнхөө тэрслүү зам болон
Өөрсдийн гэм буруугаас болж тэнэгүүд зовжээ.

18 Тэдний сэтгэл бүхий л төрлийн хоолонд дургүйцсэн бөгөөд
Тэд үхлийн дааман хаалга уруу ойртсон.

19 Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан.
Тэр тэднийг зовлон зүдгүүрээс аварсан.

20 Тэр Өөрийн үгийг илгээн, тэднийг эдгээж,
Тэднийг мөхлөөс нь аварсан.

21 Хайр энэрлийнх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!

22 Тэднээр бас талархлын тахилуудыг өргүүлэн,
Түүний үйлсийн тухай баясгалантай дуугаар тунхаглуул!

23 Усан онгоцоор далайд гарагчид,
Их усан дээр наймаа эрхлэгчид

24 ЭЗЭНий үйлсийг хийгээд
Гүнд буй Түүний гайхамшгуудыг харсан.

25 Учир нь Тэр тушааж, хар салхийг босгож,
Түүгээр далайн давалгааг хуйлруулсан.

26 Тэдгээр нь тэнгэр өөд гарч,
Гүн уруу эргэн буув.
Сүйрлийн улмаас тэдний сэтгэл хайлсан.

27 Тэд согтуу хүн шиг дороо эргэлдэн, гуйвсан бөгөөд
Тэдний оюун ухаан нь самуурсан.

28 Тэгээд тэд зовлонгийнхоо дундаас ЭЗЭНд хашхирсан.
Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь гарган авсан.

29 Далайн давалгаануудыг нам гүм болгохоор
Тэрээр шуургыг номхтгосон.

30 Тэдгээр нь нам гүм болсон учраас тэд баярлаад,
Тиймээс Тэр тэднийг хүссэн боомт уруу нь газарчилсан.

31 Хайр энэрлийнх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!

32 Тэднээр бас ард түмнүүдийн цуглаанд Түүнийг өргөмжлүүлж,
Ахмадуудын зөвлөлд Түүнийг магтуул.

33 Тэр гол мөрнүүдийг цөл болгон,
Усны булгуудыг ангасан газар болгон хувиргадаг.

34 Тэнд оршин суугчдын хорон муугаас болж
Шимтэй газрыг хужиртай газар болгосон.

35 Тэрээр цөлийг усны цөөрөм,
Хатсан газрыг усны булгууд болгон хувиргадаг.

36 Тэнд Тэрээр өлссөн хүмүүсийг суулгадаг.
Энэ нь тэднээр оршин суугчидтай хотыг босгуулан,

37 Талбайд тариа тариулж, усан үзмийн талбай байгуулуулж,
Үр жимс сайтай ургацыг хураалгахын тулд болой.

38 Тэр бас тэднийг ерөөдөг бөгөөд тэд өнөр өтгөн болж,
Тэр тэдний мал сүргийг ч хорогдохыг зөвшөөрдөггүй.

39 Тэд дарамт, арчаагүй байдал, уй гашуугаас болж
Цөөрч, доройтсон үед

40 Тэр ноёдод зэвүүцлээ юүлж,
Замгүй зэлүүд газраар тэднийг тэнүүчлүүлдэг.

41 Харин Тэрээр гачигдагсдыг зовлон зүдгүүрээс хол, өндөрт өргөж,
Тэдний гэр бүлүүдийг хонин сүрэг мэт өсгөдөг.

42 Шулуун шударга хүн үүнийг хардаг бөгөөд баяртай байна.
Харин хамаг зөвт бус байдал амаа хамхидаг.

43 Хэн мэргэн бэ? Тэр нь эдгээр зүйлсийг анхаарч,
ЭЗЭНий хайр энэрлийг тунгааг.

 Дуулал (Psalms) 108

1 Өө, Бурхан, зүрх минь бат байна.
Би дуулна, би сэтгэлээрээ ч хүртэл магтан дуулна.

2 Босоо ятга болон ятга аа, сэрээч.
Би үүрийн гэгээг сэрээнэ!

3 Өө, ЭЗЭН, би хүмүүсийн дунд Танд талархал өргөж,
Үндэстнүүдийн дунд Таныг магтан дуулна.

4 Учир нь Таны хайр энэрэл тэнгэрт тулам агуу бөгөөд
Таны үнэн огторгуйд тулам агуу билээ.

5 Өө, Бурхан, тэнгэрүүдээс дээгүүр өргөгдөж,
Таны сүр жавхлан бүх дэлхийн дээгүүр өргөмжлөгдөх болтугай.

6 Таны хайрт чөлөөлөгдөхийн тулд
Баруун мутраараа аварч, надад хариулаач.

7 Бурхан Өөрийн ариун газарт айлдсан нь
"Би ихэд баярлана, би Шекемийг хуваан,
Суккотын хөндийг хэмжинэ.

8 Гилеад бол Минийх, Манассе ч Минийх.
Ефраим ч гэсэн Миний толгойн дуулга.
Иуда бол Миний очирт таяг.

9 Моаб бол Миний угаалгын сав.
Едомын дээр Би гутлаа шиднэ.
Филистийн дээр Би чангаар хашхирна".

10 Хэн намайг бүслэгдсэн хот уруу авчрах вэ?
Хэн намайг Едом уруу хөтлөн дагуулах вэ?

11 Өө, Бурхан, Та Өөрөө биднээс татгалзсан биш үү?
Өө, Бурхан, Та манай цэргүүдтэй хамт давшихгүй гэж үү?

12 Өстний эсрэг бидэнд туслаач,
Учир нь хүнээр авруулах нь хоосон юм.

13 Бурханаар дамжуулан бид зоригтой байх бөгөөд
Бидний өстнүүдийг гишгэчлэх нэгэн бол Тэр билээ.

 Дуулал (Psalms) 109

1 Миний магтаалын Бурхан,
Бүү дуугүй байгаач.

2 Учир нь тэд миний эсрэг хорон муу, мэхлэгч амаа нээсэн.
Тэд миний эсрэг худалч хэлээр ярьсан.

3 Тэд бас үзэн ядалтын үгсээр намайг тойруулж,
Миний эсрэг ямар ч шалтгаангүйгээр довтолсон.

4 Миний хайрын хариуд тэд намайг буруутгагчид болдог.
Харин би залбирч байна.

5 Ингэж тэд надад сайныг муугаар,
Миний хайрыг үзэн ядалтаар хариуллаа.

6 Хорон муу хүнийг түүний дээр томилж,
Буруутгагчийг баруун гар талд нь зогсоогтун.

7 Шүүгдэх үед нь гэмтэй гэж түүнийг урагш гаргаж,
Түүний залбирлыг ч нүгэл болгооч.

8 Түүний хоног өдрүүдийг цөөрүүлээч.
Түүний ажил албыг өөр хүнд өгөөч.

9 Түүний хүүхдүүдийг өнчин,
Эхнэрийг нь бэлэвсэн болгооч.

10 Түүний хүүхдүүдийг тэнүүчлүүлж, гуйлга гуйлгуулаач.
Тэднийг сүйрсэн гэрүүдээс нь хол газар гуйж хооллох болгооч.

11 Түүнд зээлдүүлэгч хүнд өөрт нь байгаа бүхнийг олзлуулж,
Гаднын хүмүүст түүний хөдөлмөрийн үр шимийг тонуулаач.

12 Түүнд өршөөл хүртээх хэнийг ч,
Түүний өнчин хүүхдүүдийг ч өрөвдөх хэнийг ч үгүй болгооч!

13 Түүний үр удмуудыг таслаач.
Хойч үед тэдний нэрсийг арчуулаач.

14 Түүний эцэг өвгөдийн хийсэн гэм бурууг ЭЗЭНий өмнө сануулж,
Түүний эхийн нүглийг арчигдахыг бүү зөвшөөрөөч.

15 Тэдний тухай дурсамжийг газар дэлхийгээс арилгуулахаар
Тэднийг ЭЗЭНий өмнө байнга байлгаач.

16 Яагаад гэвэл тэрээр хайр энэрлийг үзүүлэхээ мартаж,
Харин алахын тулд зүдрэгч болон гачигдагчийг,
Мөн зүрх нь шаналсан хүнийг хавчсан юм.

17 Тэр бас хараах дуртай байсан бөгөөд тэр нь ч өөрт нь буцан иржээ.
Тэр ерөөлд баярлаагүй бөгөөд тэр нь ч түүнээс хол байв.

18 Харин тэрээр хувцас өмсдөг шиг өөртөө хараалыг өмсөж,
Хараал нь ч түүний биед ус шиг,
Түүний ясанд тос шиг шингэсэн.

19 Тэр хараал түүний хувьд өмсдөг хувцас нь мэт,
Үргэлж бүсэлдэг бүс нь мэт болох болтугай.

20 Энэ нь намайг буруутгагчдад хийгээд
Миний сэтгэлийн эсрэг бузрыг яригчдад ЭЗЭНээс өгөх шан болог.

21 Харин БУРХАН Эзэн, Та Өөрийнхөө нэрийн төлөө надад хандаач.
Таны хайр энэрэл сайн учраас намайг авраач.

22 Учир нь би бол зүдрэгч ба гачигдагч бөгөөд
Зүрх минь миний дотор шархадсан.

23 Би уртсаж буй сүүдэр мэт алга болж байна.
Би царцаа мэт хийсэн туугдсан.

24 Мацаг барьснаас болж өвдөг минь сулран,
Махан бие минь ч өөхгүйгээр эцэж ядарлаа.

25 Би бас тэдэнд зэмлэл буруушаал болсон.
Тэд намайг хараад, толгойгоо сэгсэрдэг.

26 Миний Бурхан ЭЗЭН, надад туслаач.
Өөрийн хайр энэрлийн ёсоор намайг авраач.

27 Энэ бол Таны мутар гэдгийг тэдэнд мэдүүлээч.
ЭЗЭН Та үүнийг үйлдсэн.

28 Тэд харааг, харин Та ерөөгөөч.
Тэд босохдоо ичгүүрт орно,
Харин Таны зарц баярлах болно.

29 Намайг буруутгагчдыг ичгүүрээр хувцаслаж,
Тэднийг өөрсдийнх нь шившгээр гадуур хувцасаар бүтээлгээч.

30 Би амаараа ЭЗЭНд талархлыг элбэгээр өргөх болно.
Мөн олны дунд би Түүнийг магтах болно.

31 Учир нь сэтгэлийг нь шүүдэг хүмүүсээс түүнийг аврахын тулд
Тэрээр гачигдагч хүний баруун гар талд зогсдог.

 Дуулал (Psalms) 110

1 ЭЗЭН миний Эзэнд
"Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл
Миний баруун гар талд суу" гэдэг.

2 "Өөрийн дайснуудын дунд захир" гээд
ЭЗЭН Сионоос Таны хүчтэй очирт таягийг сунгана.

3 Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн сайн дураараа үйлчлэх болно.
Үүр хаяарахад Таны залуучууд шүүдэр мэт Танд ирнэ.

4 ЭЗЭН тангарагласан бөгөөд бодлоо өөрчлөхгүй,
"Мелхизедекийн хэргэмийн дагуу
Чи бол мөнхийн тахилч юм" гэв.

5 Эзэн бол Таны баруун гар талд байна.
Тэр хилэнгийнхээ өдөр хаадыг бут цохих болно.

6 Тэрээр үндэстнүүдийн дунд шүүж,
Хүүрээр дүүргэн,
Өргөн уудам орны дээрх тэргүүн хүмүүсийг бут цохино.

7 Тэрээр замын хажуугийн горхиноос ундаална.
Тиймээс Тэр тэргүүнээ өргөх болно.

 Дуулал (Psalms) 111

1 ЭЗЭНийг магтагтун!
Би шулуун шударга хүмүүсийн дунд болон чуулганд
Бүхий л зүрхээр ЭЗЭНд талархал өргөнө.

2 ЭЗЭНий үйлс агуу юм.
Тэдгээрт баярлагчид тэднийг судалдаг юм.

3 Түүний ажил бол цог жавхлантай ба сүр хүчтэй бөгөөд
Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг.

4 Тэр Өөрийн гайхамшгуудыг дурсагдахаар болгодог.
ЭЗЭН бол нигүүлсэнгүй болоод өрөвч.

5 Тэр Өөрөөс нь эмээгчдэд хоол хүнс өгсөн.
Тэр Өөрийнхөө гэрээг мөнхөд санах болно.

6 Тэр үндэстнүүдийн өв залгамжлалыг Өөрийн ард түмэнд өгснөөр
Өөрийн үйлсийн хүчийг тэдэнд мэдүүлсэн.

7 Түүний мутрын үйлс бол үнэн ба шударга ёс юм.
Түүний бүх тогтоолууд баттай юм.

8 Тэд мөнхийн мөнхөд бат тогтоогдсон.
Тэд үнэн ба шударга ёсоор үйлдэгдсэн.

9 Тэр Өөрийн хүмүүст золилтыг илгээсэн.
Тэр Өөрийн гэрээг мөнхөд байгуулсан.
Түүний нэр бол ариун болоод сүрдмээр юм.

10 ЭЗЭНээс эмээхүй бол мэргэн ухааны эхлэл юм.
Түүний тушаалуудыг үйлдэгч бүгдэд сайн ухаан байдаг.
Түүний магтаал мөнхөд байдаг.

 Дуулал (Psalms) 112

1 ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНээс эмээдэг,
Түүний тушаалуудад ихэд баярладаг хүн юутай ерөөлтэй вэ!

2 Түүний үр удмууд дэлхий дээр хүч чадалтай байх болно.
Шулуун шударга хүний хойч үеийнхэн ерөөгдөх болно.

3 Эд хөрөнгө болон баялгууд түүний гэрт байдаг бөгөөд
Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг.

4 Нигүүлсэнгүй, өрөвч, зөв шударга хүний төлөө,
Шулуун шударга хүний төлөө харанхуйд гэрэл цацардаг.

5 Нигүүлсэнгүй бөгөөд зээлдүүлдэг хүн сайн байх болно.
Тэрээр шүүхэд өөрийн хэргээ батлах болно.

6 Учир нь тэр хэзээ ч ганхуулагдахгүй.
Зөв шударга хүн мөнхөд дурсагдах болно.

7 Тэрээр муу мэдээнээс айхгүй.
ЭЗЭНд итгэн түүний зүрх бат юм.

8 Түүний зүрх гуйвшгүй.
Тэрээр өстнүүд уруугаа бах нь ханан харах хүртэл айхгүй.

9 Тэрээр үнэгүйгээр ядууст тараан өгсөн бөгөөд
Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг.
Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө.

10 Хорон санаатан хараад унтууцан,
Шүдээ хавиран, устаж үгүй болно.
Хорон муу хүний шунал хүсэл сөнөх болно.

 Дуулал (Psalms) 113

1 ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНий зарц нар аа, магтагтун,
ЭЗЭНий нэрийг магтагтун.

2 Эдүгээгээс өнө мөнхөд
ЭЗЭНий нэр магтагдах болтугай.

3 Нар мандахаас жаргах хүртэл ЭЗЭНий нэр магтагдаг.

4 ЭЗЭН бүх үндэстнүүдийн дээгүүр өндөр байдаг.
Түүний сүр жавхлан ч тэнгэрүүдийн дээгүүр юм.

5 Бидний Бурхан ЭЗЭНтэй хэн нь адил байж,
Өндөрт заларч,

6 Тэнгэр болоод газрыг үзэхээр
Өөрийгөө даруу болгодог вэ?

7 Тэрээр ядуусыг шороо тоосноос өргөж,
Гачигдагсдыг үнсэн овооноос өндийлгөдөг.

8 Энэ нь ноёдтой хамт,
Өөрийн ард түмний ноёдтой хамт тэднийг байлгахын тулд юм.

9 Тэрээр хүүсэр эмэгтэйг
Хүүхдүүдийн жаргалт эх болгон гэрт нь амьдруулдаг.
ЭЗЭНийг магтагтун!

 Дуулал (Psalms) 114

1 Израиль Египетээс,
Иаковын гэр харь хэлтэй хүмүүсийн дундаас гарахад

2 Иуда Түүний ариун газар,
Израиль ч Түүний эзэмшил болсон билээ.

3 Тэнгис хараад зугтжээ.
Иордан ч ухран буцав.

4 Уулс хуц мэт харайж,
Толгод хурга мэт цовхчив.

5 Тэнгис ээ, юуны учир чи зугтав аа?
Иордан аа, чи юунд ухрав аа?

6 Уулс аа, та нар юунд хуц мэт харайв?
Толгод оо, юунд хурга мэт цовхчив?

7 Өө, газар дэлхий Эзэний өмнө,
Иаковын Бурханы өмнө доргигтун.

8 Тэрээр хадыг усан цөөрөм,
Хатуу чулууг ч усны булаг болгосон.

 Дуулал (Psalms) 115

1Бидэнд биш, Өө, ЭЗЭН, бидэнд биш,
Харин Таны хайр энэрэл, Таны үнэний улмаас
Өөрийнхөө нэрд л алдрыг өргө.

2Үндэстнүүд юунд
"Тэдний Бурхан одоо хаана байна вэ?" гэж хэлэх ёстой вэ?

3Харин бидний Бурхан тэнгэрт байдаг.
Тэр Өөрийн хүссэн бүхнээ үйлддэг.

4Тэдний шүтээнүүд бол мөнгө ба алт буюу
Хүний гарын бүтээл болой.

5Тэдгээр нь амтай боловч ярьж чаддаггүй.
Тэдгээр нь нүдтэй боловч харж чаддаггүй.

6Тэдгээр нь чихтэй боловч сонсож чаддаггүй.
Тэдгээр нь хамартай боловч үнэрлэж чаддаггүй.

7Тэдгээр нь гартай боловч тэмтэрч чаддаггүй.
Тэдгээр нь хөлтэй боловч алхаж чаддаггүй.
Тэд хоолойгоороо ч дуу гаргаж чаддаггүй.

8Тэдгээрийг бүтээгчид,
Тэдэнд итгэгч бүгд мөн тэдэн шиг л болно.

9Израиль аа, ЭЗЭНд итгэгтүн.
Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.

10Аароны гэрээ, ЭЗЭНд итгэгтүн.
Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.

11ЭЗЭНээс эмээгчид ээ, та нар ЭЗЭНд итгэгтүн.
Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.

12ЭЗЭН биднийг санасаар ирсэн. Тэр биднийг ерөөнө.
Тэрээр Израилийн гэрийг ерөөнө.
Тэрээр Аароны гэрийг ч бас ерөөнө.

13Тэрээр ЭЗЭНээс эмээдэг хүмүүсийг
Их багагүй хамтад нь ерөөнө.

14ЭЗЭН та нарыг ч,
Үр удмуудыг чинь ч өсгөн өнөр өтгөн болгох болтугай.

15Та нар тэнгэр газрыг бүтээгч
ЭЗЭНээс ерөөл хүртэх болтугай.

16Тэнгэрүүд бол ЭЗЭНий тэнгэрүүд билээ,
Харин газар дэлхийг Тэрээр хүний хөвгүүдэд өгсөн.

17Үхэгсэд ЭЗЭНийг магтдаггүй,
Анир чимээгүй уруу доош одогч хэн боловч магтдаггүй.

18Харин бид өдгөөгөөс өнө мөнхөд
ЭЗЭНийг магтана.
ЭЗЭНийг магтагтун!

 Дуулал (Psalms) 116

1 Би ЭЗЭНд хайртай. Учир нь Тэр
Миний дуу хоолойг, гуйлтыг минь сонсдог.

2 Тэр намайг чих тавин сонсдог учраас
Би амьд байх хугацаандаа дуудах болно.

3 Үхлийн уяа намайг ороож,
Үхэгсдийн орны аймшгууд над дээр иржээ.
Би зовлон зүдгүүр хийгээд уй гашуутай ч учирсан.

4 Тэгээд би ЭЗЭНий нэр дээр дуудан
"Өө, ЭЗЭН, би Танаас гуйя, амийг минь авраач!" гэв.

5 ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба зөв шударга.
Тийм ээ, бидний Бурхан бол өрөвч.

6 ЭЗЭН гэнэн цайлган хүнийг хамгаалдаг.
Намайг дорд болоход Тэр намайг аварсан.

7 Сэтгэл минь ээ, эргээд амар тайван бол доо.
Учир нь ЭЗЭН чамд их өгөөмөр хандсан юм.

8 Учир нь Та миний сэтгэлийг үхлээс,
Нүдийг минь нулимснаас,
Хөлийг минь бүдрэхээс аварсан билээ.

9 Би ЭЗЭНий өмнө
Амьдын нутагт алхах болно.

10 "Би ихэд зовж шаналсан" гэж хэлэхдээ
Би итгэсэн юм.

11 Би бачимдахдаа
"Бүх хүмүүс худалч" гэж хэлсэн.

12 Надад өгсөн бүх ашиг тусынх нь төлөө
Би ЭЗЭНд юугаар хариулах вэ?

13 Би авралын хундагыг өргөж,
ЭЗЭНий нэр дээр дуудна.

14 Би бүх ард түмнийх нь өмнө
ЭЗЭНд тангарагласнаа биелүүлнэ.

15 Өөрийнх нь бурханлаг хүмүүсийн үхэл
ЭЗЭНий мэлмийд үнэ цэнэтэйд тооцогддог.

16 Өө, ЭЗЭН, би үнэхээр Таны зарц,
Би Таны зарц бүсгүйн хүү Таны зарц билээ.
Та миний хүлээсийг тайлсан юм.

17 Танд би талархлын тахилыг өргөж,
ЭЗЭНий нэр дээр дуудна.

18 Би бүх ард түмнийх нь өмнө
ЭЗЭНд тангарагласнаа биелүүлнэ.

19 Иерусалим аа, чиний гол дунд,
ЭЗЭНий өргөөний хашаанд би тангарагласнаа биелүүлнэ.
ЭЗЭНийг магтагтун!

 Дуулал (Psalms) 117

1 Бүх үндэстнүүд ээ, ЭЗЭНийг магтагтун.
Бүх ард түмнүүд ээ, Түүнийг өргөмжлөгтүн!

2 Учир нь бидэнд хандсан Түүний хайр энэрэл агуу бөгөөд
ЭЗЭНий үнэн үүрд мөнхийн юм.
ЭЗЭНийг магтагтун!

 Дуулал (Psalms) 118

1 ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр сайн,
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийн юм.

2 Израильчуудаар хэлүүл,
"Түүний хайр энэрэл мөнхийн юм".

3 Аароны гэрээр хэлүүл,
"Түүний хайр энэрэл мөнхийн юм".

4 ЭЗЭНээс эмээгчдээр хэлүүл,
"Түүний хайр энэрэл мөнхийн юм".

5 Зовлон дундаас би ЭЗЭН уруу хашхирсан юм.
ЭЗЭН надад хариулж, намайг уудам газарт авчирсан.

6 ЭЗЭН миний талд, би айхгүй.
Хүн надад юу хийж чадах вэ?

7 ЭЗЭН надад туслагчдын дунд миний талд байна.
Тиймээс би намайг үзэн яддаг хүмүүс уруу харах болно.

8 Хүнд итгэхээс
ЭЗЭНий дотор хоргодох нь илүү дээр.

9 Ноёдод итгэхээс
ЭЗЭНий дотор хоргодох нь илүү дээр.

10 Бүх үндэстнүүд намайг бүсэлжээ.
ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал бут цохино.

11 Тэд намайг хүрээлжээ, тэд намайг хүрээлжээ.
ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал бут цохино.

12 Тэд намайг зөгийнүүд мэт хүрээлсэн.
Тэд өргөст бутны дундах гал мэт унтарчээ.
ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал тасална.

13 Та нар намайг унагахаар хүчээр түлхсэн,
Гэвч ЭЗЭН надад тусалсан юм.

14 ЭЗЭН бол миний хүч ба миний дуу,
Тэр миний аврал болсон юм.

15 Зөв шударга хүний майханд баяр хөөртэй хашхираан, авралын дуу байна.
ЭЗЭНий баруун мутар эрэлхэг зоригтойгоор үйлддэг.

16 ЭЗЭНий баруун мутар өндөрт өргөгдсөн.
ЭЗЭНий баруун мутар эрэлхэг зоригтойгоор үйлддэг.

17 Би үхэхгүй, харин амьдарч,
ЭЗЭНий үйлсийг тунхаглах болно.

18 ЭЗЭН намайг хүндээр гэсгээсэн,
Гэвч намайг үхэлд хүргээгүй.

19 Надад зориулж зөв шударгын дааман хаалгыг нээгээч.
Би түүгээр орно, би ЭЗЭНд талархал өргөнө.

20 Энэ бол ЭЗЭНий дааман хаалга юм.
Зөв шударга хүн түүгээр орох болно.

21 Та надад хариулсан бөгөөд
Та миний аврал болсон учраас
Би Танд талархал өргөнө.

22 Барилгачдын голсон чулуу
Булангийн тулгуур чулуу болов.

23 Энэ бол ЭЗЭНээс бөгөөд
Бидний нүдэнд гайхалтай юм.

24 Энэ бол ЭЗЭНий бүтээсэн өдөр юм.
Үүнд хөгжилдөн баярлацгаая.

25 Өө, ЭЗЭН, бид залбирч байна, авраач.
Өө, ЭЗЭН, бид залбирч байна, дэвшлийг өгөн соёрхооч!

26 ЭЗЭНий нэрээр ирэгч нэгэн ерөөлтэй еэ.
Бид ЭЗЭНий өргөөнөөс чамайг ерөөсөн юм.

27 ЭЗЭН бол Бурхан бөгөөд Тэр бидэнд гэрлийг өгсөн.
Тахилыг тахилын ширээний эврэнд уяагаар холбогтун.

28 Та бол миний Бурхан, би Танд талархал өргөе.
Миний Бурхан, би Таныг өргөмжилнө.

29 ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр бол сайн,
Түүний хайр энэрэл мөнхийнх юм.

 Дуулал (Psalms) 119

1 Явдал үйл нь гэм зэмгүй,
ЭЗЭНий хуулиар явагч хүмүүс юутай ерөөлтэй вэ!

2 Түүний гэрчлэлүүдийг сахин,
Түүнийг бүхий л зүрхээрээ хайгч хүмүүс юутай ерөөлтэй вэ!

3 Тэд бас ямар ч шударга бусыг үйлддэггүй.
Тэд Түүний замаар явдаг.

4 Биднээр хичээнгүйлэн сахиулахаар
Та Өөрийн тушаалуудыг тогтоосон юм.

5 Таны зарлигуудыг сахихаар
Замууд минь бат тогтоосой!

6 Тэгвэл Таны бүх тушаалуудыг анхаарах цагт
Би ичихгүй.

7 Таны зөв шударга шүүхээс сурахдаа
Би шулуун шударга зүрхээр Танд талархах болно.

8 Би Таны зарлигуудыг сахин биелүүлэх болно.
Намайг бүрмөсөн бүү орхиоч!

9 Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ?
Таны үгийн дагуу сахиснаар...

10 Би бүхий л зүрхээрээ Таныг эрэн хайсан.
Таны тушаалаас холдон тэнүүчлэхийг надад бүү зөвшөөрөөч!

11 Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд
Таны үгийг би зүрхэндээ хадгалсан.

12 Өө, ЭЗЭН, Та ерөөлтэй еэ!
Өөрийн зарлигуудыг надад заагаач.

13 Таны амнаас гарсан бүх тогтоолыг
Би уруулаараа тунхагласан юм.

14 Би бүх баялагт баясдагтай адил
Таны гэрчлэлүүдийн замд баяссан юм.

15 Би Таны тушаалуудыг бясалгаж,
Таны замуудыг эргэцүүлэх болно.

16 Би Таны зарлигуудад баярлана.
Би Таны үгийг мартахгүй.

17 Намайг амьд байлгаж, Таны үгийг сахин биелүүлүүлэхийн тулд
Өөрийн зарцдаа өгөөмөр хандаач.

18 Таны хуулийн гайхамшигт зүйлсийг
Надад харуулахаар нүдийг минь нээгээч.

19 Би газар дэлхийд гаднын хүн билээ.
Өөрийнхөө тушаалуудыг надаас бүү нуугаач.

20 Таны тогтоолуудыг цаг үргэлж хүсэн тэмүүлсээр
Сэтгэл минь шаналж байна.

21 Таны тушаалаас салан тэнүүчилдэг
Бардам хүн буюу хараал хүртсэн хүнийг Та зэмлэдэг юм.

22 Буруутгал ба доромжлолыг надаас зайлуулаач.
Учир нь би Таны гэрчлэлүүдийг сахидаг билээ.

23 Ноёд сууж, миний эсрэг хэлэлцдэг ч гэсэн
Таны зарц Таны зарлигуудыг бясалгадаг.

24 Таны гэрчлэлүүд мөн миний баясал,
Миний зөвлөгчид юм.

25 Миний сэтгэл тоос шороонд дарагдсан.
Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.

26 Би өөрийн явдлуудын тухай ярьсан бөгөөд Та надад хариулсан билээ.

27 Өөрийн зарлигуудыг надад заагаач.
Өөрийн тушаалуудын замуудыг надад ухааруулаач.
Тэгвэл би Таны гайхамшгуудыг бясалгана.

28 Гашуудлаас болж сэтгэл минь уйлдаг.
Өөрийн үгийн дагуу намайг хүчжүүлээч.

29 Худал хуурмаг замыг надаас зайлуулж,
Өөрийн хуулийг надад нигүүлсэнгүйгээр хүртээгээч.

30 Би итгэлтэй замыг сонгосон юм.
Би Таны тогтоолуудыг өмнөө тавьсан билээ.

31 Би Таны гэрчлэлүүдээс зуурдаг.
ЭЗЭН, намайг ичгүүрт бүү унагаач!

32 Та зүрхийг минь уужруулах учир
Би Таны тушаалуудын замаар гүйх болно.

33 Өө, ЭЗЭН, Өөрийн зарлигуудын ёс журмыг надад заагаач.
Би түүнийг эцэс хүртэл мөрдөнө.

34 Би Таны хуулийг мөрдөж,
Бүхий л зүрхээр түүнийг сахин биелүүлэхийн тулд надад ухаарлыг хайрлаач.

35 Өөрийнхөө тушаалуудын жимээр намайг алхуулаач,
Учир нь би түүнд баярладаг билээ.

36 Зүрхийг минь олз уруу бус,
Өөрийн гэрчлэл уруу хандуулаач.

37 Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлэн,
Өөрийн замд намайг сэргээгээч.

38 Танаас эмээх айдсыг төрүүлдэг
Өөрийн үгийг Өөрийн зарцад бататгаач.

39 Миний айдаг буруутгалыг надаас зайлуулаач.
Учир нь Таны тогтоолууд бол сайн билээ.

40 Харагтун, би Таны тушаалуудыг хүсэмжилж байна.
Өөрийн зөв шударгаар намайг сэргээгээч.

41 Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл,
Таны үгийн дагуу аврал тань надад ирэх болтугай.

42 Тэгвэл намайг буруутгадаг хүнд хариулах үг надад бий болно.
Учир нь би Таны үгэнд итгэдэг юм.

43 Үнэний үгийг амнаас минь бүрмөсөн бүү аваач.
Учир нь би Таны тогтоолуудыг хүлээдэг билээ.

44 Ингэвэл би Таны хуулийг үргэлж,
Мөнхийн мөнхөд сахина.

45 Би Таны тушаалуудыг хайдаг учраас
Чөлөөтэй алхах болно.

46 Би бас хаадын өмнө Таны гэрчлэлүүдийг ярих бөгөөд
Ичихгүй байх болно.

47 Би өөрийн хайрладаг
Таны тушаалуудад баясах болно.

48 Би өөрийн хайрладаг
Таны тушаалууд уруу гараа өргөх болно.
Би Таны зарлигуудыг бясалгана.

49 Таны надад найдварыг өгсөн,
Өөрийн зарцад хандуулсан үгийг санаач.

50 Таны үг намайг сэргээсэн нь
Миний зовлон зүдгүүрийн дундах миний тайвшрал юм.

51 Бардам хүн намайг ихэд тохуурхдаг,
Гэсэн ч би Таны хуулиас няцахгүй.

52 Өө, ЭЗЭН, би Таны эртний тогтоолуудыг санасан бөгөөд
Өөрийгөө тайтгаруулдаг.

53 Таны хуулийг огоорсон
Хорон муу хүнээс болж шатам их зэвүүцэл намайг барин авсан.

54 Миний аян замын өргөөнд
Таны зарлигууд бол миний дуу юм.

55 Өө, ЭЗЭН, би Таны нэрийг шөнө санаж,
Таны хуулийг сахидаг.

56 Би Таны тушаалуудыг биелүүлдэг нь
Минийх болсон юм.

57 ЭЗЭН бол миний хувь юм.
Би Таны үгийг сахин биелүүлэхээр амласан билээ.

58 Би бүхий л зүрхээр Таны ивээлийг хайсан билээ.
Өөрийн үгийн дагуу надад нигүүлсэнгүй байгаач.

59 Би замуудаа тунгаан бодож,
Хөлөө Таны гэрчлэлүүд уруу эргүүлсэн.

60 Би Таны тушаалуудыг сахин биелүүлэхээр
Яаравчилсан бөгөөд үүнийгээ хойшлуулаагүй юм.

61 Хорон муу хүний уяанууд намайг хэрсэн,
Гэвч би Таны хуулийг мартаагүй билээ.

62 Таны зөв шударга тогтоолуудын улмаас
Би Танд талархахаар шөнө дунд босох болно.

63 Би Танаас эмээдэг бүх хүмүүс хийгээд
Таны тушаалуудыг биелүүлдэг хүмүүсийн анд нөхөр юм.

64 Өө, ЭЗЭН, газар дэлхий Таны хайр энэрлээр дүүрэн.
Өөрийн зарлигуудыг надад заагаач.

65 Өө, ЭЗЭН, Та Өөрийн үгийн дагуу
Өөрийн зарцад сайнаар хандсан билээ.

66 Би Таны тушаалуудад итгэдэг учраас
Надад ялгах чадвар болон мэдлэгийг заагаач.

67 Зовж шаналахынхаа өмнө би буруу зүг уруу явсан байжээ.
Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг.

68 Та бол сайн бөгөөд сайныг үйлддэг билээ.
Өөрийн зарлигуудыг надад заагаач.

69 Бардам хүн миний эсрэг гүтгэлэг зохиодог.
Би бүхий л зүрхээр Таны тушаалуудыг биелүүлнэ.

70 Тэдний зүрх сэтгэл хатуурсан,
Харин би Таны хуульд баясдаг.

71 Миний зовон шаналсан нь,
Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай.

72 Таны амнаас гарсан хууль надад
Мянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм.

73 Таны мутар намайг урлан бүтээсэн юм.
Өөрийн тушаалуудыг надад сургахын тулд намайг ухааруулж өгөөч.

74 Би Таны үгийг хүлээдэг учраас
Танаас эмээгчид намайг хараад, баярлах болтугай.

75 Өө, ЭЗЭН, Таны шүүлтүүд зөв шударга бөгөөд
Та итгэлтэй байдал дотор намайг зовоон шаналгасан гэдгийг би мэднэ.

76 Таны зарцдаа хэлсэн үгийн дагуу
Таны хайр энэрэл намайг тайтгаруулах болтугай.

77 Намайг амьд байлгахаар Таны өршөөл надад ирэг.
Учир нь Таны хууль бол миний баясгалан юм.

78 Намайг худал хуурмагаар завхруулсан учраас бардам хүмүүс ичих болтугай.
Харин би Таны тушаалуудыг бясалгана.

79 Танаас эмээдэг,
Таны гэрчлэлүүдийг мэддэг хүмүүс над уруу эргэх болтугай.

80 Би ичгүүрт орохгүйн тулд
Зүрх минь Таны зарлигууд дотор гэм зэмгүй байх болтугай.

81 Сэтгэл минь Таны авралыг хайсаар сульддаг.
Би Таны үгийг хүлээдэг.

82 Намайг "Та намайг хэзээ тайтгаруулах вэ?" гэж хэлэхэд
Таны үгийн төлөө нүд минь гархилдаг.

83 Хэдийгээр би утаан доторх хөхүүр шиг болсон ч гэсэн
Би Таны зарлигуудыг мартдаггүй.

84 Таны зарцын өдрүүд хэд вэ?
Намайг хавчдаг хүмүүст Та хэзээ шүүлтийг гүйцэтгэх вэ?

85 Таны хуулийг үл дагагчид болох
Бардам хүмүүс надад нүх ухжээ.

86 Таны бүх тушаалууд итгэлтэй юм.
Тэд намайг худал хуурмагаар хавчсан юм. Надад туслаач!

87 Тэд намайг газар дэлхий дээр бараг хороожээ,
Гэвч би Таны тушаалуудыг огоороогүй.

88 Надаар Таны амнаас гарах гэрчлэлийг сахиулахын тулд
Өөрийн хайр энэрлийн дагуу намайг сэргээгээч.

89 Өө, ЭЗЭН, Таны үг тэнгэрт
Мөнхөд бат тогтдог.

90 Таны итгэлтэй байдал бүх үеийн туршид үргэлжилдэг.
Та дэлхийг бий болгосон бөгөөд тэр байсаар байна.

91 Тэд энэ өдөр Таны тогтоолуудын дагуу бат зогсдог.
Учир нь бүх юмс бол Таны зарц нар билээ.

92 Таны хууль миний баясгалан байгаагүйсэн бол
Тэгвэл би зовлон шаналал дотроо мөхөх байсан.

93 Би Таны тушаалуудыг хэзээ ч мартахгүй.
Учир нь тэдгээрээр Та намайг сэргээсэн билээ.

94 Би Таных билээ, намайг авраач.
Учир нь би Таны тушаалуудыг эрэн хайсан юм.

95 Хорон санаатнууд намайг устгахаар отон хүлээдэг.
Би Таны гэрчлэлүүдийг гүн тунгаана.

96 Би бүх төгс төгөлдөр юманд зах хязгаарыг тавьсан ч
Таны тушаал бол хэмжээлшгүй өргөн дэлгэр юм.

97 Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ!
Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг.

98 Таны тушаалууд намайг дайснуудаас минь илүү мэргэн болгодог.
Учир нь тэд үргэлж надтай хамт байдаг.

99 Таны гэрчлэлүүд миний бясалгал учир
Би бүх багш нараасаа илүү ухаалаг болсон.

100 Таны тушаалуудыг сахин биелүүлсэн учраас
Би настангуудаас ч илүү ойлгон ухаардаг.

101 Би Таны үгийг сахин биелүүлэхийн тулд
Бүх бузар замаас хөлөө татсан юм.

102 Та Өөрөө надад заасан учир
Би Таны тогтоолуудаас гажаагүй.

103 Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ!
Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг!

104 Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг.
Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.

105 Таны үг бол миний хөл дэх дэнлүү,
Миний зам дахь гэрэл юм.

106 Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж
Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно.

107 Би хэмжээлшгүй ихээр зовж зүдэрсэн.
Өө, ЭЗЭН, Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.

108 Өө, ЭЗЭН, миний амнаас гарах сайн дурын өргөлийг хүлээн авч,
Өөрийн тогтоолуудыг надад заагаач.

109 Амь насанд минь аюул нүүрлэсээр байна
Гэсэн ч би Таны хуулийг мартдаггүй юм.

110 Хорон санаатнууд намайг хорлохоор урхи тавьсан,
Гэвч би Таны тушаалуудаас гажаагүй билээ.

111 Би Таны гэрчлэлүүдийг мөнхөд өв болгон авсан.
Учир нь тэд зүрхний минь баясгалан юм.

112 Би Таны зарлигуудыг гүйцэлдүүлэхээр зүрхээ
Мөнхөд, эцэс хүртэл зориулсан.

113 Би хоёр санаатай хүмүүсийг үзэн яддаг,
Харин Таны хуульд би хайртай.

114 Та бол миний хоргодох газар ба миний бамбай.
Би Таны үгийг хүлээдэг.

115 Би Бурханыхаа тушаалуудыг сахин биелүүлэхийн тулд
Бузар мууг үйлдэгчид ээ, надаас холдогтун.

116 Намайг амьд байлгахын тулд Өөрийн үгийн дагуу намайг дэмжин тэтгээч.
Намайг найдвараас минь болж ичгүүрт бүү оруулаач.

117 Би аюулгүй байж,
Таны зарлигуудыг үргэлж анхаарахын тулд намайг тэтгээч.

118 Та зарлигуудаас тань холдон одогчдыг бүгдийг голсон билээ.
Учир нь тэдний ов мэх дэмий хоосон юм.

119 Та дэлхийн бүх хорон санаатнуудыг нүүрсний хог шиг хөсөр хаясан.
Тиймээс би Таны гэрчлэлүүдэд хайртай.

120 Махан бие минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөд
Би Таны шүүлтүүдээс айдаг юм.

121 Би шударга ёс ба үнэн зөвийг үйлдсэн билээ.
Намайг дарлагчдад минь бүү тушаагаач.

122 Өөрийн зарцад сайны төлөөх баталгаа болооч.
Бардамнагчдад намайг бүү дарлуулаач.

123 Миний нүд Таны авралын төлөө хийгээд
Таны зөв шударга үгийн төлөө гархилан сульддаг.

124 Өөрийн хайр энэрлийн дагуу зарцдаа хандаж,
Өөрийн зарлигуудыг надад заагаач.

125 Би Таны зарц билээ.
Би Таны гэрчлэлүүдийг мэддэг байхын тулд надад ухаарлыг өгөөч.

126 Тэд Таны хуулийг зөрчсөн тул
ЭЗЭНий ажиллах цаг ирчихээд байна.

127 Тиймээс би Таны тушаалуудад
Алтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм.

128 Тиймээс би аливаа тогтоолуудыг зөвд тооцдог бөгөөд
Би аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм.

129 Таны гэрчлэлүүд бол гайхамшигтай.
Тиймээс сэтгэл минь тэдгээрийг сахидаг.

130 Таны үгсийн тунхаглал гэгээрүүлдэг.
Тэдгээр нь энгийн хүмүүст ухаарлыг хайрладаг.

131 Би Таны тушаалуудад тэмүүлсэн учир
Амаа том ангайн аахилсан.

132 Таны нэрийг хайрлагсдад үйлддэг шигээ
Над уруу эргэж, намайг нигүүлсээч.

133 Миний алхмуудыг Өөрийн үгэн дээр тогтоож,
Ямар ч гэм бурууд намайг ноёрхохыг бүү зөвшөөрөөч.

134 Би Таны тушаалуудыг сахихын тулд
Хүний дарлалаас намайг золиоч.

135 Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гийгүүлж,
Өөрийн зарлигуудыг надад заагаач.

136 Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир
Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгадаг юм.

137 Өө ЭЗЭН, Та бол шударга бөгөөд
Таны шүүлтүүд шулуун шударга юм.

138 Та зөв шударга ба
Хэмжээлшгүй итгэлтэй байдалд Өөрийн гэрчлэлүүдийг тушаасан билээ.

139 Миний өстнүүд Таны үгсийг мартсан учраас
Миний хичээл зүтгэл намайг үгүй болгожээ.

140 Таны үг бол маш цэвэр тунгалаг билээ.
Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм.

141 Би дорд ба үзэн ядагдсан,
Гэсэн ч би Таны тушаалуудыг мартдаггүй.

142 Таны зөв шударга байдал бол мөнхийнх бөгөөд
Таны хууль бол үнэн юм.

143 Бэрхшээл ба зовлон надад тохиолдсон,
Гэвч Таны тушаалууд бол миний баясал юм.

144 Таны гэрчлэлүүд мөнхөд зөв шударга ажгуу.
Намайг амьд байлгахын тулд надад ухаарлыг хайрлаач.

145 Би бүхий л зүрхээрээ хашхирсан билээ. Өө, ЭЗЭН, надад хариулаач!
Би Таны зарлигуудыг сахин биелүүлнэ.

146 Би Танд хандан хашхирсан. Намайг авраач.
Тэгвэл би Таны гэрчлэлүүдийг биелүүлэх болно.

147 Би үүр цайхын өмнө босож, тусламж гуйн хашхирдаг.
Би Таны үгсийг хүлээдэг.

148 Таны үгийг тунгаан бодохын тулд
Би шөнийн манааны өмнө нүдээ нээдэг.

149 Өөрийн хайр энэрлийн дагуу миний дуу хоолойг сонсооч.
Өө, ЭЗЭН, Өөрийн тогтоолуудын дагуу намайг сэргээгээч.

150 Хорон мууг дагагчид ойртон ирж байна.
Тэд Таны хуулиас хол билээ.

151 Өө ЭЗЭН, Та ойрхон бөгөөд
Таны бүх тушаалууд ч үнэн билээ.

152 Эрт үеэс Би Таны гэрчлэлүүдээс
Та тэднийг мөнхөд бий болгосныг мэдсэн билээ.

153 Миний зовлонг харж, намайг авраач.
Учир нь би Таны хуулийг мартдаггүй.

154 Миний хэргийг өмгөөлж, намайг золиоч.
Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.

155 Аврал хорон муу хүмүүсээс хол байдаг.
Учир нь тэд Таны зарлигуудыг эрж хайдаггүй билээ.

156 Өө, ЭЗЭН, Таны өршөөлүүд агуу их юм.
Өөрийн тогтоолуудын дагуу намайг сэргээгээч.

157 Намайг хавчигчид болон миний өстнүүд олон боловч
Би Таны гэрчлэлүүдээс гаждаггүй.

158 Би ов мэхтнүүдийг хараад, жигшдэг.
Учир нь тэд Таны үгийг сахин биелүүлдэггүй.

159 Таны тушаалуудыг хэрхэн хайрлаж буйг минь хараач.
Өө, ЭЗЭН, Өөрийн хайр энэрлийн дагуу намайг сэргээгээч.

160 Таны үгийн нийлбэр нь үнэн бөгөөд
Таны зөв шударга тогтоол бүхэн нь мөнхийнх юм.

161 Ноёд намайг шалтгаангүйгээр хавчдаг,
Харин зүрх минь Таны үгнээс л сүрддэг.

162 Их олз олсон хүн шиг
Би Таны үгэнд баясдаг.

163 Би худал хуурмагийг үзэн ядан, жигшдэг,
Харин Таны хуулийг би хайрладаг.

164 Таны зөв шударга тогтоолуудын улмаас
Би өдөрт долоон удаа Таныг магтдаг.

165 Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөд
Тэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй.

166 Өө, ЭЗЭН, би Таны авралд найддаг бөгөөд
Таны тушаалуудыг биелүүлдэг.

167 Сэтгэл минь Таны гэрчлэлүүдийг сахидаг бөгөөд
Би тэдэнд хэмжээлшгүй их хайртай.

168 Би Таны тушаалууд ба гэрчлэлүүдийг сахьдаг,
Учир нь миний бүх явдал Таны өмнө байдаг билээ.

169 Өө, ЭЗЭН, миний хашхирах дуу Таны өмнө хүрэг.
Өөрийн үгийн дагуу надад ухаарлыг хайрлаач.

170 Миний гуйлтыг Өөрийн өмнө ирүүлээч.
Өөрийн үгийн дагуу намайг авраач.

171 Та надад зарлигуудаа заадаг учраас
Уруул минь магтаалыг гаргаг.

172 Таны бүх тушаалууд зөв шударга учраас
Хэл минь Таны үгийн талаар дуулаг.

173 Би Таны тушаалуудыг сонгосон учир
Таны мутар надад туслахад бэлэн болог.

174 Өө, ЭЗЭН, би Таны авралыг хүсэн тэмүүлдэг бөгөөд
Таны хууль бол миний баясал юм.

175 Таныг магтахын тулд сэтгэлийг минь амьд байлгаач.
Өөрийн тогтоолуудыг надад туслуулаач.

176 Би төөрсөн хонь шиг замаас гажин явсан билээ. Өөрийн зарцыг хайн олооч.
Учир нь би Таны тушаалуудыг мартдаггүй билээ.

 Дуулал (Psalms) 120

1 Би зовлон бэрхшээлийнхээ дунд ЭЗЭНд хандан хашхирсанд
Тэрээр надад хариулсан.

2 Өө, ЭЗЭН, миний сэтгэлийг худалч уруулаас болон
Худал хуурмаг хэлнээс авраач.

3 Худал хуурмаг хэл ээ, чамд юу өгч, чамд өөр юуг хийж болох вэ?

4 Арц модны шатаж буй нүүрстэй
Дайчин хүний хурц сум.

5 Би Мешект түр сууж,
Кедарын майхнуудын дунд оршин суудаг тул би гаслантай яа!

6 Амар тайвныг үзэн ядагчтай хамт
Сэтгэл минь хэтэрхий удаан оршин суужээ.

7 Би бол амар тайван. Харин намайг ярьж байхад
Тэд дайныг хүсдэг билээ.

 Дуулал (Psalms) 121

1 Би харцаа уулс уруу өргөнө.
Хаанаас надад тусламж ирэх вэ?

2 Миний тусламж тэнгэр ба газрыг бүтээсэн
ЭЗЭНээс ирдэг.

3 Тэр чамайг хөл алдуулахгүй.
Чамайг хамгаалагч Тэрээр үүрэглэхгүй.

4 Харагтун, Израилийг хамгаалагч Тэрээр
Үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй.

5 ЭЗЭН бол чамайг хамгаалагч.
ЭЗЭН бол чиний баруун гар тал дахь чиний сүүдэр юм.

6 Өдрөөр нар ч чамайг хорлохгүй,
Шөнөөр сар ч хөнөөхгүй.

7 ЭЗЭН чамайг бүх хор хөнөөлөөс сахин хамгаална.
Тэр чиний сэтгэлийг сахина.

8 ЭЗЭН чиний орох, гарах бүрийг
Өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.

 Дуулал (Psalms) 122

1 Тэд надад "ЭЗЭНий өргөө уруу явцгаая" гэхэд
Би баярласан.

2 Иерусалим аа, бидний хөл
Чиний дааман хаалганы дотор зогсож байна.

3 Иерусалим их шигүү хот шиг байгуулагдсан,

4 Тийшээ овгууд, ЭЗЭНий овгууд
ЭЗЭНий нэрд талархал өргөхөөр
Израилийн тогтоолын дагуу очдог юм.

5 Учир нь тэнд шүүхэд зориулан сэнтийнүүдийг,
Давидын гэрийн сэнтийнүүдийг тавьсан байв.

6 Иерусалимын амар амгалангийн төлөө гуй.
"Чамайг хайрлагчид өлзийтэй байх болтугай.

7 Амар амгалан чиний ханан хэрмийн дотор,
Сайн сайхан чиний орднуудад байх болтугай".

8 Ах дүүс ба анд нөхдийнхөө төлөө
Би одоо "Чиний дотор амар амгалан байх болтугай" гэж хэлнэ.

9 Бидний Бурхан ЭЗЭНий өргөөний төлөө
Би чиний сайн сайхныг эрэн хайх болно.

 Дуулал (Psalms) 123

1 Тэнгэрт залрагч аа,
Тан уруу би харцаа өргөж байна.

2 Харагтун, зарцын нүд эзэнтнийхээ гарыг,
Шивэгчний нүд эзэгтэйнхээ гарыг хардаг шиг
Түүнийг биднийг нигүүлсэх хүртэл
Бидний нүд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу хардаг.

3 Биднийг нигүүлсээч, Өө, ЭЗЭН, биднийг нигүүлсээч.
Учир нь бид доромжлолоор ихэд дүүрсэн билээ.

4 Бидний сэтгэл
Цалгар хүмүүсийн доог тохуу,
Бардамнагчдын доромжлолоор ихэд дүүрсэн билээ.

 Дуулал (Psalms) 124

1 "ЭЗЭН бидний талд байгаагүйсэн бол" гэж
Израилиар одоо хэлүүл

2 "Хүмүүс бидний эсрэг босох үед
ЭЗЭН бидний талд байгаагүйсэн бол

3 Тэдний уур хилэн бидний эсрэг шатах үед
Тэд биднийг амьдаар маань залгих байсан.

4 Тэгээд их ус биднийг хаман,
Усны урсгалууд бидний сэтгэлийг живүүлэх байсан.

5 Тэгээд догшин ус бидний сэтгэлийг живүүлэх байсан".

6 Биднийг тэдний шүдэнд тастуулахаар өгөөгүй
ЭЗЭН магтагдах болтугай.

7 Бидний сэтгэл анчны урхинаас мултрах шувуу шиг зугтсан билээ.
Урхи эвдэрсэн бөгөөд бид ч зугтсан.

8 Бидний тусламж бол тэнгэр ба газрыг бүтээсэн
ЭЗЭНий нэрд бий.

 Дуулал (Psalms) 125

1 ЭЗЭНд итгэдэг хүмүүс бол
Үл хөдлөх, мөнхөд оршдог Сион уулын адил юм.

2 Иерусалимыг уулс хүрээлэн байдаг шиг
Өдгөөгөөс мөнхөд хүртэл
Өөрийн хүмүүсийг ЭЗЭН хүрээлдэг.

3 Учир нь хорон муу байдлын очирт таяг зөв шударга хүний газар дээр байхгүй.
Энэ нь зөв шударга хүн буруу үйлдэлд гараа хүргэхгүйн тулд юм.

4 Өө, ЭЗЭН, сайн хүмүүст болон
Шулуун шударга зүрхтэй хүмүүст сайныг үйлдээч.

5 Харин муруй зам уруугаа хазайдаг хүмүүсийг
ЭЗЭН гэм бурууг үйлдэгчидтэй хамт авч одно.
Израилийн дээр амар амгалан орштугай.

 Дуулал (Psalms) 126

1 ЭЗЭН Сионы олзлогдогсдыг буцаан авчрах үед
Бид зүүдэлж байгаа хүмүүс шиг байсан билээ.

2 Тэгээд бидний ам инээдээр,
Хэл маань баясалтай дуугаар дүүрсэн юм.
Тэгээд тэд үндэстнүүдийн дунд
"ЭЗЭН тэдний төлөө аугаа их зүйлийг үйлдсэн юм" гэв.

3 ЭЗЭН бидний төлөө аугаа их үйлсийг үйлдсэн юм.
Бид баярлаж байна.

4 Өө, ЭЗЭН, бидний олзлогдогсдыг
Өмнөдийн гол горхинууд шиг сэргээгээч.

5 Нулимс дуслуулан үр суулгагчид
Баяртай дуу хөөртэйгөөр ургац хураах болно.

6 Үртэй уутаа үүрэн, уйлан цааш нааш явдаг хүн
Багцалсан тариагаа авч ирэн, баясгалантай дуутайгаар заавал дахин ирнэ.

 Дуулал (Psalms) 127

1 ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш
Түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөдөг юм.
ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш
Манаач хүн дэмий л сэрүүн байдаг юм.

2 Та нарын хувьд эрт босон,
Орой болтол унтахгүй байж,
Зүтгэж олсон талхыг идэх нь дэмий хоосон юм.
Учир нь Тэр Өөрийн хайрладаг хүндээ нойрыг өгдөг билээ.

3 Харагтун, үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг,
Умайн үр жимс бол шагнал юм.

4 Дайчны гарт буй сумтай адил
Залуу хүний үр хүүхдүүд тийм байдаг билээ.

5 Тэднээр саадгаа дүүргэсэн хүн юутай ерөөлтэй вэ!
Тэд дааман хаалган дээр дайснуудтайгаа ярилцах үедээ
Ичгүүрт орохгүй.

 Дуулал (Psalms) 128

1 ЭЗЭНээс эмээдэг,
Түүний замаар замнагч хүн бүр юутай ерөөлтэй вэ.

2 Чи өөрийн гарын үр жимсийг идэх үедээ
Аз жаргалтай байх бөгөөд сайн сайхан амьдарна.

3 Чиний эхнэр танай гэр доторх
Үр жимстэй усан үзмийн мод адил,
Чиний хүүхдүүд ширээг чинь тойрон буй
Чидун мод адил байх болно.

4 Харагтун, учир нь ЭЗЭНээс эмээдэг хүн
Ийнхүү ерөөгдөнө.

5 ЭЗЭН чамайг Сионоос ерөөж,
Чи насан туршдаа Иерусалимын сайн сайхныг үзэх болтугай.

6 Чи хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг үзэх болтугай.
Израилийн дээр амар амгалан орштугай!

 Дуулал (Psalms) 129

1 "Тэд намайг залуугаас минь олон удаа хавчин зовоосон билээ".
Одоо Израилиар хэлүүл.

2 "Тэд намайг залуугаас минь олон удаа хавчин зовоосон билээ.
Гэвч тэд намайг дийлээгүй юм.

3 Тариачин миний нурууг анжсаар хагалав.
Тэд урт шан татсан билээ".

4 ЭЗЭН бол зөв шударга юм.
Тэрээр хорон муу хүний уяаг тасалдаг.

5 Сионыг үзэн ядагчид бүгд
Ичгүүрт орж, ухрагтун.

6 Тэд ургахаасаа өмнө хатдаг
Дээвэр дээрх өвс ногоо мэт болог.

7 Эдгээр нь хадланчийн атгыг ч,
Тариа багцлагчийн тэврийг ч дүүргэхгүй.

8 Хажуугаар өнгөрөгчид ч
"ЭЗЭНий ерөөл та нар дээр байг.
Бид та нарыг ЭЗЭНий нэрээр ерөөе" гэж хэлдэггүй.

 Дуулал (Psalms) 130

1 Өө, ЭЗЭН, би гүнээс Тан уруу хашхирсан.

2 Эзэн, дуу хоолойг минь сонсооч!
Миний гуйлтын дуунд
Таны чих зөөлөн байг.

3 ЭЗЭН, хэрэв Та гэм бурууг тэмдэглэвээс,
Өө, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?

4 Харин Танаас эмээхийн тулд
Танд уучлал байдаг билээ.

5 Би ЭЗЭНийг хүлээдэг, сэтгэл минь ч хүлээдэг бөгөөд
Түүний үгэнд би найддаг билээ.

6 Манаач хүн өглөө болохыг хүлээхээс ч илүүгээр
Сэтгэл минь ЭЗЭНийг хүлээдэг.
Манаач хүн өглөөг хүлээхээс ч илүүгээр шүү.

7 Израиль аа, ЭЗЭНд найдагтун.
Учир нь ЭЗЭНд хайр энэрэл байгаа,
Түүнд арвин золилт бий.

8 Тэрээр Израилийг
Бүх гэм буруугаас нь золих болно.

 Дуулал (Psalms) 131

1 Өө, ЭЗЭН, зүрх минь бардам биш, нүд минь ч ихэмсэг биш юм.
Би их үйлс,
Эсвэл надад хэт хүнд зүйлсэд ч оролцдоггүй.

2 Би сэтгэлээ үнэхээр тайвшруулан чимээгүй болгосон.
Хөхнөөс гарсан хүүхэд эхийнхээ тэвэрт байдаг шиг
Сэтгэл минь миний дотор хөхнөөсөө гарсан хүүхэд мэт юм.

3 Израиль аа, өдгөөгөөс мөнхийн мөнхөд
ЭЗЭНд найдагтун!

 Дуулал (Psalms) 132

1 Өө, ЭЗЭН, Давидын төлөө
Түүний бүх шаналлыг санаач.

2 Түүний хэрхэн ЭЗЭНд тангараглан,
Иаковын Төгс хүчит Нэгэнд андгайлахдаа

3 "Үнэхээр би гэртээ ч орохгүй,
Орон дээрээ ч хэвтэхгүй.

4 Би унтахаар нүдээ ч анихгүй,
Зовхио ч буулгахгүй.

5 Энэ нь намайг ЭЗЭНд зориулсан газрыг,
Иаковын Төгс хүчит Нэгэнд орших газрыг олох хүртэл болой" гэж байсныг санаач.

6 Харагтун, бид үүний талаар Ефратад сонсож,
Үүнийг Иаарын талбайгаас олсон.

7 Түүний орших газарт очицгооё.
Түүний хөлийн гишгүүрийн хажууд мөргөцгөөе.

8 Өө, ЭЗЭН Та Өөрийн хүч чадлын авдартай хамт
Өөрийн амралтын газарт орохоор босооч.

9 Өөрийн тахилч нарыг зөв шударгаар хувцасла.
Таны бурханлаг хүмүүс баяр хөөр болон дуулаг.

10 Өөрийн зарц Давидын төлөө
Тослогдогчийнхоо нүүрийг бүү буруулаач.

11 ЭЗЭН Давидад
энэ үнэнээс буцахгүй гэж тангарагласан нь
"Чиний биеэс төрсөн хүүхдээс Би чиний сэнтийд зална.

12 Хэрэв чиний хөвгүүд Миний гэрээг болон
Миний тэдэнд сургадаг гэрчлэлийг минь сахивал
Тэдний хөвгүүд ч бас чиний сэнтийд мөнхөд залрах болно" хэмээв.

13 Учир нь ЭЗЭН Сионыг сонгосон юм.
Тэр түүнийг Өөрийн орших газар болгохыг хүсэв.

14 "Энэ бол мөнхөд Миний амрах газар болой.
Үүнийг хүссэн тул Би энд амьдарна.

15 Би түүнийг хоол хүнсээр элбэгээр ерөөнө.
Би гачигдагсдыг нь талхаар хангана.

16 Түүний тахилч нарыг ч бас Би авралаар хувцаслах бөгөөд
Түүний бурханлаг хүмүүс баярлан чангаар дуулна.

17 Тэнд Би Давидын эврийг ургуулна.
Би Өөрийн тослогдогчийн төлөө дэнлүүг бэлтгэсэн юм.

18 Түүний дайснуудыг Би ичгүүрээр хувцаслана.
Харин өөрийнх нь дээр титэм нь гялбах болно".

 Дуулал (Psalms) 133

1 Харагтун, ах дүүсийн хувьд хамтдаа нэгдмэлээр амьдрах нь
Хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ!

2 Энэ нь сахал дээгүүр,
Аароны сахал дээгүүр доошоо урсан,
Хувцасных нь захаар доошоо урсаж буй
Толгой дээрх үнэ цэнэтэй тостой адил юм.

3 Энэ нь Сионы уулс дээр буудаг
Хермоны шүүдэртэй адил юм.
Учир нь тэнд ЭЗЭН ерөөлийг тушаасан бөгөөд
Тэр нь мөнхийн амь билээ.

 Дуулал (Psalms) 134

1 Харагтун, ЭЗЭНий өргөөнд шөнөөр үйлчилдэг
ЭЗЭНий бүх зарц нар аа, ЭЗЭНийг магтагтун!

2 Ариун газарт хандуулан гараа өргөж,
ЭЗЭНийг магтагтун.

3 Тэнгэр ба газрыг бүтээсэн Нэгэн болох
ЭЗЭН Сионоос чамайг ерөөх болтугай.

 Дуулал (Psalms) 135

1 ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНий нэрийг магтагтун.
ЭЗЭНий зарц нар аа, магтагтун,

2 ЭЗЭНий өргөөнд,
Бидний Бурханы өргөөний хашаанд зогсогчид оо, та нар.

3 ЭЗЭНийг магтагтун. Учир нь ЭЗЭН бол сайн.
Түүний нэрд магтан дуулагтун. Учир нь тэр сайхан юм.

4 Учир нь ЭЗЭН Өөртөө зориулан Иаковыг,
Өөрийн өмч болгон Израилийг сонгосон билээ.

5 ЭЗЭН бол аугаа бөгөөд
Бидний Эзэн бол бүх бурхдаас илүү дээгүүр гэдгийг би мэднэ.

6 ЭЗЭН таалдаг аливаа зүйлээ
Тэнгэрт ба газарт хийгээд далайнуудад ба бүх гүн газруудад үйлддэг билээ.

7 Тэрээр дэлхийн зах хязгааруудаас уур манангуудыг дээшээ хөөрүүлдэг.
Тэр бол бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж,
Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.

8 Тэрээр Египетийн уугануудыг,
Хүний хүүхэд, амьтны төлийн аль алиныг цохисон.

9 Египет ээ, Тэр чиний дунд тэмдгүүд ба гайхамшгуудыг
Фараон болон түүний бүх түшмэд дээр илгээсэн юм.

10 Тэрээр олон үндэстнүүдийг бут цохиж,
Хүчтэй хаадыг алсны дотор

11 Аморичуудын хаан Сихон,
Башаны хаан Ог болон
Канааны бүх хаанчлалууд болой.

12 Тэр тэдний газар нутгийг өв болгон
Өөрийн ард түмэн болох Израильд өв болгон өгсөн.

13 Өө, ЭЗЭН, Таны нэр мөнхийнх бөгөөд
Өө, ЭЗЭН, Таны тухай дурсгал бүх үеүдэд хүрнэ.

14 Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүж,
Өөрийн зарц нарыг өршөөнө.

15 Улс үндэстнүүдийн шүтээнүүд бол алт, мөнгө буюу
Хүний гарын бүтээл юм.

16 Тэд амтай боловч ярьдаггүй.
Тэд нүдтэй боловч хардаггүй.

17 Тэд чихтэй боловч сонсдоггүй,
Тэдний аманд ямар ч амьсгал байхгүй билээ.

18 Тэднийг бүтээдэг хүмүүс,
Тэдэнд итгэгчид бүгдээрээ тэдэнтэй адилхан болно.

19 Израилийн гэр ээ, ЭЗЭНийг магтагтун.
Аароны гэр ээ, ЭЗЭНийг магтагтун.

20 Левийн гэр ээ, ЭЗЭНийг магтагтун.
ЭЗЭНээс эмээгчид ээ, та нар ЭЗЭНийг магтагтун.

21 Иерусалимд оршин суудаг
ЭЗЭН Сионоос магтагдах болтугай.
ЭЗЭНийг магтагтун!

 Дуулал (Psalms) 136

1 ЭЗЭНд талархагтун. Учир нь Тэр сайн,
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

2 Бурхдын Бурханд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

3 Эздийн ЭЗЭНд талархагтун,
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

4 Агуу гайхамшгуудыг ганцаар үйлдэгч Түүнд талархагтун,
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

5 Цэцэн мэргэнээр тэнгэрүүдийг бүтээсэн Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

6 Газрыг усан дээгүүр дэлгэсэн Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

7 Агуу гэрлүүдийг бүтээсэн Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

8 Нараар өдрийг захируулагч Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

9 Шөнийг захируулахаар сар ба оддыг бүтээсэн Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

10 Египетийн ууган хүүхдүүдийг цохисон Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

11 Израилийг тэдний дундаас гарган авчирсан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

12 Хүчит гар, сунгасан мутраар гаргасан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

13 Улаан Тэнгисийг хоёр хэсэгт хуваасан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

14 Түүний дундуур Израилийг гаргасан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

15 Харин Тэрээр Фараон ба түүний их цэргийг Улаан Тэнгист сүйрүүлсэн Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

16 Өөрийн хүмүүсийг цөлөөр дагуулсан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

17 Их хаадыг бут цохьсон Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

18 Хүчит хаадыг алсан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

19 Аморичуудын хаан Сихоныг алсан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

20 Башаны хаан Огийг алсан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

21 Тэдний газрыг өв болгон өгсөн Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

22 Өөрийн зарц Израильд өв болгосон Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

23 Дорд байхад маань биднийг дурсан санасан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

24 Биднийг өстнүүдээс маань аварсан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

25 Бүх махбодод хоол хүнс өгдөг Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

26 Тэнгэрийн Бурханд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

 Дуулал (Psalms) 137

1 Вавилоны гол мөрнүүдийн дэргэд
Бид сууж, Сионыг санан уйлцгаасан.

2 Бид босоо ятгаа, хөгжмүүдээ
Уд модонд өлгөсөн.

3 Учир нь тэнд олзлон авагчид маань биднээс дуу шаардан,
"Сионы дуунуудаас нэгийг бидэнд дуулаач" хэмээн
Биднийг зовоогчид баяр хөөр шаардсан юм.

4 Бид ЭЗЭНий дууг
Харь нутагт яаж дуулах вэ?

5 Иерусалим аа, хэрэв би чамайг мартсансан бол
Миний баруун гар чадвараа алдах болтугай.

6 Хэрвээ би чамайг санахгүй бол,
Хэрвээ би Иерусалимыг
Өөрийн хамгийн дээд баясгалангаас илүүгээр өргөмжлөхгүй бол
Хэл минь тагнайнд минь наалдаг.

7 Өө, ЭЗЭН,
"Түүнийг нураа, түүнийг нураа,
Суурь хүртэл нь нураа" гэж байсан Едомын хөвгүүдэд
Иерусалимын хөнөөлт өдрийг сануулаач.

8 Сүйрсэн нэгэн болох Вавилоны охин оо,
Чиний бидэнд хариу үйлдсэн ёсоор
Чамд хариулагч нэгэн юутай ерөөлтэй байх вэ!

9 Чиний нялх хүүхдүүдийг барьж аван
Хад уруу шидэгч нэгэн юутай ерөөлтэй байх вэ!

 Дуулал (Psalms) 138

1 Би бүхий л зүрхээрээ Танд талархал өргөнө.
Би бурхдын өмнө Таныг магтан дуулна.

2 Би Таны ариун сүм уруу хандан сөгдөн мөргөж,
Таны хайр энэрэл, үнэний тань төлөө Таны нэрд талархал өргөнө.
Учир нь Та Өөрийн бүх нэрээр Өөрийн үгийг өндөрт өргөмжилсөн юм.

3 Миний дуудсан өдөр Та надад хариулжээ.
Та сэтгэлийг минь хүчтэй болгон намайг зоригжуулсан.

4 Өө, ЭЗЭН, Таны амнаас гарах үгийг сонсохдоо
Газрын бүх хаад Танд талархал өргөнө.

5 Тэд ЭЗЭНий замуудын тухай дуулна.
Учир нь ЭЗЭНий сүр жавхлан агуу их билээ.

6 Учир нь ЭЗЭН хэдийгээр өндөрт оршдог боловч
Дорд хүнийг харж ханддаг,
Харин бардамнагчийг Тэр холоос ч мэддэг юм.

7 Хэдийгээр би бэрхшээл зовлонгийн дунд явдаг ч Та намайг сэргээнэ.
Та мутраа миний дайснуудын уур хилэнгийн өмнөөс сунгах бөгөөд
Таны баруун мутар намайг аварна.

8 ЭЗЭН надад хамаарах зүйлсийг гүйцэлдүүлнэ.
Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл мөнхийн юм.
Өөрийн мутрын бүтээлүүдийг бүү орхиоч.

 Дуулал (Psalms) 139

1 Өө, ЭЗЭН, Та намайг судлан, намайг мэдсэн билээ.

2 Миний сууж, босохыг ч хүртэл Та мэддэг юм.
Та хаа холоос миний санаа бодлуудыг ойлгодог.

3 Та миний явах зам мөр хийгээд хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж,
Миний бүх явдлыг дотно сайн мэддэг.

4 Намайг ганц үг өгүүлэхээс ч өмнө,
Харагтун, ЭЗЭН Та бүгдийг мэддэг.

5 Та намайг хойноос ба урдаас минь нөмөрлөж,
Миний дээр мутраа тавьсан.

6 Иймд мэдлэг надад дэндүү гайхамшигтай юм.
Энэ нь өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ.

7 Таны Сүнснээс би хаашаа одож чадах вэ?
Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтаж чадах вэ?

8 Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд байдаг.
Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, харагтун, Та тэнд байдаг.

9 Хэрэв би үүрийн гэгээгээр жигүүрлэн,
Хэрэв би далайн хамгийн алсын хэсэгт суувал,

10 Тэнд ч Таны мутар намайг удирдаж,
Таны баруун мутар надаас зуурах болно.

11 Хэрэв би "Харанхуй үнэхээр намайг нөмөрч,
Намайг хүрээлэгч гэрэл нь шөнө болно" гэвэл

12 Харанхуй ч Танд харанхуй биш бөгөөд
Шөнө ч өдөр мэт гэрэлтэй билээ.
Гэрэл харанхуй хоёр хоёулаа адилхан юм.

13 Учир нь Та миний эрхтнүүдийг хэлбэртэй болгожээ.
Та эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ.

14 Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө.
Таны үйлс бол гайхалтай бөгөөд
Миний сэтгэл ч үүнийг маш сайн мэддэг юм.

15 Намайг нууц дотор бүрэлдэж,
Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч
Миний биеийн галбир Танаас нууцлагдаагүй юм.

16 Миний төрхөө олж амжаагүй үр хөврөлийг Таны нүд харж л байсан.
Надад тогтоогдсон өдрүүдийн
Нэг нь ч болоогүй байхад
Тэд бүгд Таны номд бичигдсэн байжээ.

17 Өө Бурхан, надад хандсан Таны бодлууд хичнээн нандин бэ!
Тэдний нийлбэр хичнээн их вэ!

18 Хэрвээ би тэдгээрийг тоолбол тэд элсний ширхгээс ч даван гарна.
Би сэрүүн байхдаа ч Тантай хамт байна.

19 Өө, Бурхан, Та хорон муу хүнийг хядах ч болоосой.
Тиймээс цус урсгагчид аа, надаас холдогтун.

20 Учир нь тэд Таны эсрэг муугаар ярьдаг бөгөөд
Таны дайснууд Таны нэрийг дэмий хоосноор ашигладаг.

21 Өө, ЭЗЭН, Таныг үзэн ядагчдыг би үзэн яддаггүй гэж үү?
Таны эсрэг босогчдыг би жигшдэггүй гэж үү?

22 Би туйлд хүртэл тэднийг үзэн яддаг.
Тэд миний дайснууд болсон.

23 Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч.
Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч.

24 Миний дотор ямар нэгэн хөнөөлт үйл буй эсэхийг харж,
Мөнхийн зам уруу намайг залаач.

 Дуулал (Psalms) 140

1 Өө, ЭЗЭН, намайг бузар муу хүмүүсээс авраач.
Намайг хүчирхийлэгчдээс хамгаалаач.

2 Тэд зүрхэндээ бузар муу зүйлсийг сэддэг.
Тэд үргэлж дайнуудыг өдөөдөг.

3 Тэд могой шиг хэлээ билүүддэг.
Тэдний уруул дор хорт могойн хор байдаг.

4 Өө, ЭЗЭН, намайг бузар муу хүмүүсийн гараас хамгаалаач.
Миний хөлийг түлхэхээр зорьсон
Хүчирхийлэгчдээс намайг хамгаалаач.

5 Бардам хүмүүс намайг хорлохоор урхи ба уяануудыг тавьжээ.
Тэд замын хажууд тор татсан.
Тэд надад занга тавьсан.

6 Би ЭЗЭНд хандан "Та бол миний Бурхан.
Өө, ЭЗЭН, миний гуйх дуунд чих тавиач" гэв.

7 Миний авралын хүч чадал болох Эзэн БУРХАН,
Та тулалдааны өдөр миний толгойг бүтээн нөмөрсөн юм.

8 Өө, ЭЗЭН, хорон муу хүний хүслийг бүү соёрхооч.
Тэд өргөмжлөгдүүзэй гэж төлөвлөгөөг нь бүү дэмжээч.

9 Намайг тойрон байгчдын толгойнуудын хувьд гэвэл
Өөрсдийнх нь уруулын хор хөнөөлөөр тэднийг нөмөргөөч.

10 Шатаж буй нүүрс тэдэн дээр унах болтугай.
Тэд гал уруу,
Гарч чадахааргүй гүн нүхэнд түлхүүлэн унах болтугай.

11 Гүжирдэгч хүн газар дээр бүү зогсог.
Хүчирхийлэгч хүнийг гай зовлон дагаж хөнөөнө.

12 ЭЗЭН зовогч хүний хэргийг хийгээд
Ядуу хүний төлөөх шударга ёсыг дэмжих болно гэдгийг би мэднэ.

13 Зөв шударга хүн Таны нэрд үнэхээр талархана.
Шулуун шударга хүн Таны оршихуйд амьдарна.

 Дуулал (Psalms) 141

1 Өө, ЭЗЭН, би Таныг дууддаг. Над уруу хурдан ирээч!
Намайг Таныг дуудаж байх үед миний дуунд чих тавиач!

2 Миний залбирал Таны өмнө утлага адил тоологдог.
Гараа дээш өргөх минь үдшийн тахил адил тоологдог.

3 Өө, ЭЗЭН, аманд минь манаач тавиач.
Уруулын минь хаалгыг сахиач.

4 Гэм бурууг үйлдэгчидтэй хамт
Хорон муу үйлсийг үйлдэхээр
Зүрхийг минь аливаа бузар зүйлд бүү уруу татуулаач.
Тэдний тансаг амттануудаас надад бүү идүүлээч.

5 Зөв шударга хүн намайг энэрэн цохиж, намайг зэмлэг.
Энэ нь толгойн тос мэт билээ.
Толгойг минь үүнээс бүү татгалзуулаач,
Учир нь миний залбирал хорон муу үйлсийнх нь эсрэг хандсаар л байна.

6 Тэдний шүүгчид хадны хажуу уруу шидэгдсэн бөгөөд
Миний үг амттай учраас тэд түүнийг сонсдог.

7 Хэн нэгэн нь газар хагалж, хөрсийг борнойдох үед
Бидний яснууд Үхэгсдийн орны хаалган дээр тараагдсан юм.

8 Өө, БУРХАН Эзэн, миний нүд Тан уруу чиглэнэ.
Тан дотор би хоргодно. Намайг хамгаалалтгүй бүү орхиоч.

9 Намайг барихаар тэдний тавьсан урхины торноос болон
Гэм бурууг үйлдэгчдийн занганаас намайг хамгаалаач.

10 Намайг аюулгүй өнгөрөх зуур
Хорон муу хүнийг өөрийнх нь торонд оруулаач.

 Дуулал (Psalms) 142

1 Бид дуу хоолойгоороо ЭЗЭНд хандан чангаар хашхирна.
Би дуу хоолойгоороо ЭЗЭНээс гуйна.

2 Би Түүний өмнө гомдлоо урсгана.
Би зовлон бэрхшээлээ Түүний өмнө ярина.

3 Миний сүнс миний дотор сульдах үед
Та зам мөрийг минь мэдэж байсан.
Явах замд минь
Тэд намайг барихаар урхи нуусан байв.

4 Баруун тал уруу харж ажиглаач.
Намайг тоодог хүн нэг ч байхгүй байна.
Надад зугтаах газар ч үгүй.
Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй.

5 Өө, ЭЗЭН, би Танд хандан хашхирсан билээ.
Би "Та бол миний хоргодох газар,
Амьдын газарт миний хувь юм.

6 Хашхирах дууг минь анхаараач.
Учир нь би маш дорд болгогдсон байна.
Намайг хавчигсдаас минь авраач.
Учир нь тэд миний хувьд хэт хүчтэй юм.

7 Сэтгэлийг минь шоронгоос гаргаач. Би Таны нэрэнд талархал өргөнө
Та надад өгөөмөр хандах учир
Зөв шударга хүмүүс намайг хүрээлнэ" гэв.

 Дуулал (Psalms) 143

1 Өө, ЭЗЭН, залбирлыг минь сонсож,
Гуйлтад минь чих тавиач.
Өөрийн итгэлтэй болон зөв шударга байдал дотор надад хариулаач!

2 Өөрийн зарцаа бүү шүүгээч.
Учир нь Таны мэлмийд амьд ямар ч хүн зөв шударга биш байдаг.

3 Учир нь дайсан сэтгэлийг минь хавчжээ.
Тэр миний амийг газарт нухчжээ.
Тэр намайг аль эрт үхсэн хүмүүс шиг
Харанхуй газруудад суулгасан.

4 Тиймээс сүнс минь миний дотор сульдсан билээ.
Зүрх минь ч миний дотор зогсох шахсан юм.

5 Би эртний өдрүүдийг санадаг.
Би Таны үйлс бүхнийг тунгаадаг.
Би Таны гарын үйлсийг нягтлан боддог.

6 Би Тан уруу гараа сунгадаг.
Сэтгэл минь ангасан газар мэт Тан уруу тэмүүлдэг.

7 Өө, ЭЗЭН, надад хурдхан хариулаач, сүнс минь доройтож байна.
Надаас нүүрээ бүү нуугаач.
Эс тэгвээс би нүх уруу доош одогчдын адил болох юм.

8 Өглөө бүр Та хайр энэрлээ надад сонсгооч.
Учир нь би Танд итгэдэг билээ.
Явах замыг минь надад зааж өгөөч.
Танд л би сэтгэлээ өргөн барьж байна.

9 Өө, ЭЗЭН, намайг дайснуудаас минь авраач.
Би Таны дотор хоргодно.

10 Та миний Бурхан учраас
Таны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийг надад заагаач.
Таны сайн Сүнс намайг тэгш газар дээр удирддаг.

11 Өө, ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө намайг сэргээгээч.
Өөрийн зөв шударгаар сэтгэлийг минь зовлонгоос ангижруулаач.

12 Өөрийн хайр энэрлээр дайснуудыг минь таслан хаяж,
Сэтгэлийг минь зовоогч бүгдийг устгаач.
Учир нь би бол Таны зарц билээ.

 Дуулал (Psalms) 144

1 Миний гарыг дайтахад болоод
Миний хурууг тулалдахад бэлтгэдэг,
Миний хад болох ЭЗЭН магтагдах болтугай.

2 Тэр бол миний хайр энэрэл ба миний цайз,
Миний бэхлэлт ба миний аврагч,
Миний бамбай ба миний хоргоддог Нэгэн,
Хүмүүсийг минь миний дор захируулагч.

3 Өө, ЭЗЭН, хүн гэгч нь юу болоод
Та түүнийг мэддэг юм бэ?
Хүний хүү гэгч нь юу болоод Та түүний тухай боддог юм бэ?

4 Хүн бол зүгээр л нэг амьсгалтай адил юм.
Түүний өдрүүд бол өнгөрч буй сүүдэр шиг билээ.

5 Өө, ЭЗЭН, Өөрийн тэнгэрүүдийг бөхийлгөөд доош бууж ирээч.
Утаа гаргуулахаар уулсад хүрээч.

6 Аянга цахилгаан цахиулж, тэднийг тараагаач.
Сумнуудаа харваж, тэднийг бут цохиоч.

7 Өндөр дээрээс Өөрийн мутрыг сунган,
Намайг их уснаас болон
Харь хүмүүсийн гараас авран чөлөөлөөч.

8 Тэдний ам худал хуурмагийг ярьдаг бөгөөд
Тэдний баруун гар бол худал хуурмагийн баруун гар юм.

9 Өө, Бурхан, би Танд шинэ дууг дуулна.
Арван утаст ятгаар би Танд магтан дуулна.

10 Та хаадад авралыг хайрлаж,
Өөрийн зарц Давидыг бузар илднээс авардаг билээ.

11 Ам нь худал хуурмагийг хэлдэг,
Баруун гар нь худал хуурмагийн баруун гар болох
Харь хүмүүсийн гараас намайг авран чөлөөлөөч.

12 Манай хөвгүүдийг залууд нь ургаж гүйцсэн ургамал мэт,
Манай охидыг ордонд зориулан урласан булангийн багана мэт болгооч.

13 Манай саравчууд бүх төрлийн тариа будаагаар дүүрэн,
Манай хонин сүргүүд талбайнуудад минь
Мянга, түмээр үржих болтугай.

14 Манай үхэр сүргүүд
Гай зовлон, алдагдалгүй хүнд ачааг зөөж,
Манай гудамжнуудад хашхирах дуун ч байхгүй болох болтугай!

15 Ийм ард түмэн юутай ерөөлтэй вэ!
ЭЗЭНийг өөрсдийн Бурханаа болгодог ард түмэн юутай ерөөлтэй вэ!

 Дуулал (Psalms) 145

1 Өө, Хаан болох Бурхан минь, би Таныг өргөмжилж,
Таны нэрийг үүрд мөнхөд магтана.

2 Өдөр бүр би Таныг магтаж,
Таны нэрийг үүрд мөнхөд магтана.

3 ЭЗЭН бол агуу ба өндөрт магтууштай бөгөөд
Түүний агуу байдал хэмжээлшгүй билээ.

4 Нэг үеийнхэн Таны үйлсийг нөгөө үеийнхэнд магтаж,
Таны хүчирхэг үйлдлүүдийг тунхаглана.

5 Таны сүр хүчний цог жавхлант яруу алдар болон
Таны гайхамшигт үйлсийг би тунгаан бодно.

6 Хүмүүс Таны сүрдмээр үйлсийн хүчийг ярих бөгөөд
Би ч Таны агуу байдлыг тунхаглана.

7 Тэд Таны элбэг баян сайн сайхны дурсгалыг хичээнгүйлэн ярих бөгөөд
Би ч Таны зөв шударгын тухай баяртайгаар хашхирна.

8 ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба өршөөнгүй,
Уурлахдаа удаан, хайр энэрлээр агуу их юм.

9 ЭЗЭН бол бүгдэд сайн,
Түүний өршөөлүүд Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг.

10 Өө, ЭЗЭН, Таны бүтээл бүхэн Танд талархал өргөх бөгөөд
Таны бурханлаг хүмүүс Таныг магтацгаана.

11 Тэд Таны хаанчлалын сүр жавхлангийн тухай ярьж,
Таны сүр хүчний талаар өгүүлнэ.

12 Энэ нь хүний хөвгүүдэд Таны хүчит үйлс болон
Таны хаанчлалын сүр жавхлангийн яруу алдрыг мэдүүлэхийн тулд болой.

13 Таны хаанчлал бол мөнхийнх бөгөөд
Таны ноёрхол бол үеийн үед үргэлжилнэ.

14 ЭЗЭН унасан бүхнийг өндийлгөж,
Сөхөрсөн бүхнийг босгодог.

15 Бүхний нүд Тан уруу хардаг бөгөөд
Та товлосон цагт тэдний хоол хүнсийг өгдөг билээ.

16 Та мутраа дэлгэн,
Бүх амьтны хүслийг хангадаг юм.

17 ЭЗЭН бол Өөрийн бүх замд зөв шударга,
Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй.

18 ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд,
Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг.

19 Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ.
Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна.

20 ЭЗЭН Өөрийг нь хайрладаг бүгдийг сахин хамгаалдаг,
Харин бүх хорон муу хүнийг Тэр устгана.

21 Миний ам ЭЗЭНий магтаалыг өгүүлэх бөгөөд
Бүх махан биес Түүний ариун нэрийг үүрд мөнхөд магтацгаана.

 Дуулал (Psalms) 146

1 ЭЗЭНийг магтагтун!
Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун!

2 Би амьддаа ЭЗЭНийг магтана.
Би байх зуураа Бурхандаа магтан дуулна.

3 Ноёдод бүү итгэ,
Авралгүй хүний хүүд ч бүү итгэ.

4 Түүний сүнс гарч явдаг бөгөөд тэрээр газар шороо уруу буцдаг.
Яг тэр өдөр түүний бодлууд мөхдөг.

5 Иаковын Бурханыг өөрийн тусламж болгон,
Өөрийн Бурхан ЭЗЭНд найдагчид юутай ерөөлтэй вэ!

6 Тэрээр тэнгэр ба газар,
Далай хийгээд түүний дотор байгч бүхнийг бүтээсэн.
Тэрээр итгэлийг мөнхөд сахин,

7 Дарлагдагсдад шударга ёсыг гүйцэлдүүлж,
Өлсөгчдөд ч хоол хүнс өгдөг.
ЭЗЭН хоригдлуудыг чөлөөлдөг юм.

8 ЭЗЭН сохор хүнд хараа оруулдаг.
ЭЗЭН сөхрөгчдийг босгодог.
ЭЗЭН зөв шударга хүмүүсийг хайрладаг.

9 ЭЗЭН харийн хүмүүсийг хамгаалдаг.
Тэрээр эцэггүй ба бэлэвснийг тэтгэдэг,
Харин хорон муу хүний замд хөндөлддөг.

10 Сион оо, чиний Бурхан болох ЭЗЭН
Бүх үеийнхний туршид, мөнхөд захирна.
ЭЗЭНийг магтагтун!

 Дуулал (Psalms) 147

1 ЭЗЭНийг магтагтун!
Учир нь бидний Бурханд магтан дуулах нь сайн билээ.
Учир нь магтах нь тааламжтай болон зохистой байна.

2 ЭЗЭН Иерусалимыг босгон барьдаг.
Тэрээр Израилийн таран бутрагсдыг цуглуулдаг.

3 Тэр эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж,
Тэдний шархыг боодог.

4 Тэрээр оддыг тоолдог.
Тэр тэд бүгдэд нэр өгдөг.

5 Бидний Эзэн агуу болоод хүч чадлаар дүүрэн.
Түүний оюун ухаан хязгааргүй юм.

6 ЭЗЭН зовогсдыг түшдэг.
Тэр хорон муу хүнийг газарт унагадаг.

7 ЭЗЭНд талархалтайгаар дуулагтун.
Бидний Бурханд ятгаар магтан дуулагтун.

8 Тэрээр тэнгэрийг үүлсээр бүрхэн,
Газар дэлхийд бороог бэлтгэж,
Уулс дээр зүлэг ногоог ургуулдаг.

9 Тэр араатан амьтанд хийгээд
Гуагалан байгаа залуу хэрээнүүдэд хоол хүнсийг нь өгдөг.

10 Тэрээр морины хүч чадалд бахддаггүй.
Тэрээр хүний хөлд ч баярладаггүй.

11 ЭЗЭН Өөрөөс нь эмээгчийг,
Өөрийнх нь хайр энэрлийг хүлээгчдийг ивээдэг.

12 Иерусалим аа, ЭЗЭНийг магтагтун!
Сион оо, өөрийн Бурханыг магтагтун!

13 Учир нь Тэр чиний дааман хаалгануудын оньсыг бат бэх болгосон юм.
Тэр та нарын дундах хөвгүүдийг чинь ерөөсөн.

14 Тэр танай хил хязгаарт энх тайвныг тогтоодог.
Тэр та нарыг хамгийн сайн улаан буудайгаар хангадаг.

15 Тэр Өөрийн тушаалыг дэлхийд илгээдэг.
Түүний үг маш хурдан тархдаг.

16 Тэр цасыг ноос шиг зулан буулгадаг.
Тэр цан хярууг үнс шиг тараадаг.

17 Тэр Өөрийн мөндрийг үйрмэг шиг цацдаг.
Хэн Түүний жаврыг сөрөн зогсож чадах вэ?

18 Тэр үгээ илгээж, тэдгээрийг хайлуулдаг.
Тэр салхиа үлээлгүүлж, их усыг урсгадаг.

19 Тэр Өөрийн үгийг Иаковд,
Өөрийн зарлиг ба тогтоолуудыг Израильд тунхагладаг.

20 Тэр өөр аль ч үндэстэнд ийнхүү хандаагүй.
Тэд Түүний тогтоолуудыг ч мэддэггүй билээ.
ЭЗЭНийг магтагтун!

 Дуулал (Psalms) 148

1 ЭЗЭНийг магтагтун!
Тэнгэрүүдээс ЭЗЭНийг магтагтун!
Түүнийг өндөрт магтагтун!

2 Түүний бүх тэнгэр элч нар аа, Түүнийг магтагтун!
Түүний бүх цэргүүд ээ, Түүнийг магтагтун!

3 Нар ба сар аа, Түүнийг магтагтун!
Гэрэлт бүх одод оо, Түүнийг магтагтун!

4 Хамгийн дээд тэнгэрүүд болон
Тэнгэрийн дээрх ус ч Түүнийг магтагтун!

5 Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул.
Учир нь Түүний тушааснаар тэд бүтээгдсэн билээ.

6 Тэр бас үүрд мөнхөд тэднийг байрлуулсан юм.
Тэрээр хэзээ ч өнгөрөн одохгүй зарлигийг гаргасан юм.

7 Газар дээрээс ЭЗЭНийг магтагтун.
Далайн амьтад болон далайн гүнүүд,

8 Гал ба мөндөр, цас ба үүлс,
Түүний үгийг гүйцэтгэдэг шуурга салхи,

9 Уулс ба бүх толгод,
Жимсний модод ба бүх хушнууд,

10 Араатан амьтад ба бүх мал сүргүүд,
Мөлхөгчид ба жигүүртэн шувууд,

11 Дэлхийн хаад ба бүх хүмүүс,
Түшмэд ба дэлхийн бүх шүүгчид,

12 Залуус ба онгон бүсгүйчүүд,
Хөгшчүүл ба хүүхдүүд магтагтун.

13 Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул.
Учир нь Түүний нэр л ганцаараа эрхэм дээд билээ.
Түүний сүр жавхлан газар ба тэнгэрийн дээгүүр байдаг.

14 Тэрээр Өөрийн хүмүүсийн төлөө эврийг өргөсөн.
Энэ нь Түүний бүх бурханлаг хүмүүс,
Түүнд ойр буй хүмүүс болох Израилийн хөвгүүдийн төлөөх магтаал болой.
ЭЗЭНийг магтагтун!

 Дуулал (Psalms) 149

1 ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНд шинэ дууг,
Бурханлаг хүмүүсийн чуулганд Түүний магтаалыг дуулагтун.

2 Израиль өөрийн Бүтээгчдээ баярлагтун.
Сионы хөвгүүд өөрсдийн Хаандаа баярлагтун.

3 Бүжиг бүжиглүүлэн тэднээр Түүний нэрийг магтуул.
Хэнгэрэг болон ятга хөгжмөөр, тэднээр Түүнийг магтуул.

4 Учир нь ЭЗЭН Өөрийн хүмүүсээр бахддаг.
Тэрээр зовогч хүмүүсийг авралаар үзэсгэлэнтэй болгоно.

5 Бурханлаг хүмүүсийг алдрын дунд баясуул.
Тэднийг орон дээр нь ч баясгалантайгаар дуулуул.

6 Тэдний аманд Бурханы дээд магтаалуудыг,
Гарт нь хос иртэй илд байлга.

7 Энэ нь үндэстнүүдээс өшөө авч
Ард түмнүүдийг яллахын тулд,

8 Тэдний хаадыг гинжээр гинжилж
Ноёдыг нь төмөр дөнгөөр тушихын тулд,

9 Бичигдсэн шүүлтийг тэдэнд гүйцэтгэхийн тулд болой.
Энэ бол Түүний бүх бурханлаг хүмүүст хүндэтгэл юм.
ЭЗЭНийг магтагтун!

 Дуулал (Psalms) 150

1 ЭЗЭНийг магтагтун!
Бурханыг Өөрийнх нь ариун газарт магтагтун!
Түүнийг Өөрийнх нь хүчирхэг огторгуйд магтагтун!

2 Түүнийг хүчит үйлсийнх нь төлөө магтагтун!
Түүнийг эрхэм агуу байдлынх нь дагуу магтагтун!

3 Түүнийг бүрээн дуугаар магтагтун!
Түүнийг босоо ятга ба ятгаар магтагтун!

4 Түүнийг хэнгэрэг дэлдэн, бүжиг бүжиглэн магтагтун!
Түүнийг чавхдаст хөгжим ба лимбээр магтагтун!

5 Түүнийг чанга цан хөгжмөөр магтагтун!
Түүнийг хүнгэнэх цан хөгжмөөр магтагтун!

6 Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНийг магтагтун!

 

#@#