Ариун Библи - Mongolian Bible

Бүлэг  1  2  3  4  5  6  7  8

 СОЛОМОНЫ ДУУН(Song of Songs) 1

1 Соломоны дуунуудын дуун.

2 -Амныхаа үнсэлтээр тэр намайг үнсэг!
Учир нь чиний хайр дарснаас ч илүү.

3 Чиний тос тааламжтай анхилуун үнэртэй бөгөөд
чиний нэр асгагдсан тос мэт тул
охид чамд дурлана.

4 Өөр уруугаа намайг татаач, хамтдаа бид гүйцгээе!
Намайг хаан өөрийн танхимуудад авчрав.
-Бид чамаар бахдан, баярлаж,
Хайрыг чинь дарснаас илүү өргөмжилнө.
Тэдний чамайг хайрладаг нь зөв аж.

5 -Иерусалимын охид оо!
Би Кедарын майхнууд,
Соломоны хөшиг мэт хар боловч дур булаам сайхан.

6 Бор хэмээн намайг бүү ширтээч.
Учир нь намайг нар түлсэн юм.
Эхийн минь хөвгүүд надад уурлаж,
намайг усан үзмийн талбайн арчлагч болгосон билээ.
Би өөрийн усан үзмийн талбайгаа арчилсангүй.

7 Сэтгэлийн минь дурлалт чи, надад хэлээч.
Сүргээ чи хаана бэлчээж,
жин үдэд чи түүнийгээ хаана хэвтүүлнэ вэ?
Юунд би нөхдийн чинь сүргийн дэргэд гивлүүртэй эмэгтэйтэй адил байх ёстой билээ?

8 -Хэрэв чи мэдэхгүй аваас, эмэгтэйчүүдийн дундах хамгийн үзэсгэлэнт гоо бүсгүй минь,
сүргийн мөрөөр урагш явж,
хоньчдын майхнуудын дэргэд өөрийн ишгүүдийг бэлчээ.

9 Хонгор минь, чи наддаа фараоны тэрэгнүүдийн дундах гүүтэй минь адил болой.

10 Унжлага зүүлттэй хацар чинь,
шүрэн зүүлттэй хүзүү чинь дур булаам энхрий.

11 -Чамд бид мөнгөн унжлагатай алтан зүүлтийг хийж өгнө.

12 -Хаантан ширээндээ залран байхад миний сүрчигний анхилуун үнэр ханхална.

13 Хайрт минь наддаа бүх л шөнөжин хөхний минь хооронд байх миррэн багц билээ.

14 Хайрт минь наддаа Енгедийн усан үзмийн талбайнууд дахь хенна цэцгийн хонгорцог билээ.

15 -Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ,
Юутай үзэсгэлэнтэй вэ, чи!
Тагтаа мэт нүдтэй аж, чи!

16 -Хайрт минь, чи юутай үзэсгэлэн гоо агаад дур булаам бэ!
Үнэхээр буйдан маань торгон зүлэг аж.

17 Байшингийн маань хөндлөвч хуш агаад
дээвэр маань агар мод бөлгөө.

 СОЛОМОНЫ ДУУН(Song of Songs) 2

1 Би бол Шароны сарнай, талын сараана цэцэг билээ.

2 -Охидын дундаас миний хонгор өргөст ургамал дундах сараана цэцгийн адил байдаг билээ.

3 -Залуусын дундаас миний хайрт ойн дундах алимын мод адил байдаг билээ.
Түүний сүүдэрт би үлэмж таашаалыг аван суухад
жимс нь ч надад чихэрлэг амттай байв.

4 Намайг тэрээр цайллагын танхимдаа аваачив.
Миний дээгүүрх түүний туг нь хайр юм.

5 Үзэмтэй боовоор намайг тэтгэн,
алимаар намайг сэргээгээч.
Учир нь би дурлалдаа шаналжээ.

6 Түүний зүүн гар миний толгой дор байж,
баруун гар нь намайг тэврэг.

7 -Иерусалимын охид оо,
хээрийн зээр болон марлаар би та нарт тушаая.
Тааламжтай болтол хайрыг та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн.

8 -Сонсогтун! Хайрт минь!
Харагтун, уулан дээгүүр харайсаар,
толгод дээгүүр үсэрсээр тэр ирж явна.

9 Миний хайрт зээр эсвэл идэр бугатай адил бөлгөө.
Харагтун, хананы маань цаана тэр зогсоод,
цонхоор харж, сараалжаар цухуйна.

10 Миний хайрт надад хэлэх нь
"Босоорой, хонгор минь, үзэсгэлэн гоо бүсгүй минь, хамтдаа явъя.

11 Хараач, өвөл өнгөрч, бороо зогсож арилав.

12 Газарт цэцэгс хэдийн ургаж,
Дуу хуурын цаг ирж, нутагт маань хүүрзгэнийн дуу сонсогдоно.

13 Инжрийн мод жимсээ боловсруулж,
цэцэглэж буй усан үзмийн модод анхилуун үнэрээ тараана.
Босоорой, хонгор минь, үзэсгэлэн гоо бүсгүй минь, хамтдаа явъя!" гэнэ.

14 Хадны хавцал, өгсүүр цохионы нуувчинд буй тагтаахан минь ээ,
надад төрхөө үзүүлж, дуу хоолойгоо сонсгооч.
Учир нь дуу хоолой чинь амттай, төрх чинь дур булаам сайхан аж.

15 Усан үзмийн талбайг маань цэцэглэж байхад
сүйтгэн буй бяцхан үнэгнүүдийг,
тэр үнэгнүүдийг бидэнд барьж өгөөч.

16 Хайрт минь минийх бөгөөд би түүнийх билээ.
Тэрээр сүргээ сараана цэцэгсийн дунд бэлчээдэг.

17 Сэрүү татаж, сүүдэр арилах хүртэл,
хайрт минь, буцан ирж,
Бетерийн уулс дээрх ооно,
эсвэл идэр буга шиг байгаач.

 СОЛОМОНЫ ДУУН(Song of Songs) 3

1 -Шөнөөс шөнөд би сэтгэлийнхээ дурлалт хүнээ орон дотроо хайна.
Түүнийгээ би хайсан боловч олсонгүй.

2 "Одоо би босож, хотоор явъя.
Гудамж болон талбайгаар хэрэн,
би сэтгэлийнхээ дурлалт түүнийгээ хайх учиртай".
Түүнийгээ би хайсан боловч олсонгүй.

3 Хотыг тойрдог харуулууд намайг оллоо.
"Сэтгэлийн минь дурлалт түүнийг та нар харав уу?" гэж би асуулаа.

4 Тэднийг орхиод,
удахгүй сэтгэлийнхээ дурлалт түүнийгээ би оллоо.
Эхийнхээ гэрт түүнийг авчран, намайг олж тээсэн эхийнхээ өрөөнд оруултлаа би түүнээс зууран явуулсангүй.

5 -Иерусалимын охид оо,
хээрийн зээр болон марлаар би та нарт тушаая.
Тааламжтай болтол хайрыг минь та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн.

6 -Мирр утлага, наймаачны бүх үнэрт энгэсгийг анхилуулан утаан багана мэт
цөлөөс ирж яваа энэ юу вэ?

7 Харагтун, энэ нь Соломоны нүүдлийн тэрэг агаад
Израилийн хүчирхэг эрчүүдээс жаран хүчирхэг эр түүнийг хүрээлэн байна.

8 Тэд бүгдээр илд агссан агаад тулаанд мэргэшсэн билээ.
Шөнийн айдсаас тэд хамгаалан хүн бүр хажуудаа илдтэй аж.

9 Соломон хаан Ливаны дүнз модоор өөртөө жууз тэрэг хийсэн билээ.

10 Тэрээр дамнуургуудыг нь мөнгөөр,
түшлэгийг нь алтаар,
суудлыг нь нил ягаан бөсөөр хийсэн бөгөөд
доторхыг нь Иерусалимын охид үзэмжтэйгээр доторлосон байв.

11 Сионы охид оо, гарч ирэн,
хуримынх нь өдөр буюу түүний зүрхний баяр баяслын өдөр Соломон хааныг эхийнх нь түүнд залсан титэмтэй байхыг нь үзэгтүн.

 СОЛОМОНЫ ДУУН(Song of Songs) 4

1 -Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ,
Юутай үзэсгэлэнтэй вэ, чи!
Гивлүүрийн чинь цаадах чиний нүд тагтаа мэт,
үс чинь Гилеад уулаас уруудах ямаан сүрэг мэт ажгуу.

2 Шүд чинь саяхан хяргуулан, угаагдаад гарсан
хонин сүрэг мэт аж.
Тэд бүгд ихрийг тээдэг бөгөөд тэдний дунд ганц нь ч хургаа тээгээгүй билээ.

3 Уруул чинь час улаан тууз мэт агаад ам чинь дур булаам билээ.
Гивлүүрийн чинь цаадах чиний шанаа зүсэм анар мэт ажээ.

4 Хүзүү чинь чулуун эгнээгээр босгосон,
дээр нь хүчирхэг эрсийн мянган бамбай өлгөөтэй Давидын цамхаг мэт болой.

5 Хоёр хөх чинь сараана цэцгийн дунд идээшлэх зээрийн ихэр янзага мэт аж.

6 Сэрүү татаж, сүүдэр арилах хүртэл
миррийн уул уруу, гүглийн толгод тийш би өөрийн замаа хөөн одъё.

7 Хонгор минь, чи бүхэлдээ үзэсгэлэнтэй бөгөөд
чамд ямар ч өө сэв алга.

8 Сүйт бүсгүй минь, надтай хамт Ливанаас яваач.
Надтай хамт чи Ливанаас явж,
Аманагийн оргилоос,
Сенир, Хермоны оргилоос,
Арслангийн үүрнээс,
ирвэсүүдийн уулсаас уруудан аялах болтугай.

9 Дүү минь, сүйт бүсгүй минь,
чи зүрхний минь цохилтыг түргэсгэв.
Нүднийхээ ганцхан харцаар,
хүзүүний зүүлтийхээ ганцхан эрхээр
чи зүрхний минь цохилтыг түргэсгэв.

10 Дүү минь, сүйт бүсгүй минь,
чиний хайр юутай сайхан бэ!
Чиний хайр дарснаас,
тосны чинь анхилуун үнэр бүх үнэртнүүдээс юутай илүү вэ!

11 Сүйт бүсгүй минь, чиний уруул балыг дуслуулна.
Хэлний чинь дор бал, сүү байх аж.
Хувцасны чинь анхилуун үнэр Ливаны анхилуун үнэр мэт бөлгөө.

12 Миний дүү, миний сүйт бүсгүй бол цоожлогдсон цэцэрлэг,
цоожлогдсон чулуун цэцэрлэг, лацдуулсан булаг болой.

13 Чиний нахиа нь анарын цэцэрлэг агаад энэ нь шилмэл жимстэй,
нардтай суулгасан хенна,

14 нард ба саффрон, годил ба шанц, үнэртэй бүх мод,
Гүгэл болон алоены хамт
Хамгийн сайхан бүх үнэртэнтэй болой.

15 Чи бол цэцэрлэгийн булаг, цэнгэг усны худаг,
Ливанаас урсан гарах горхи болой.

16 -Умардын салхи аа, босооч, өмнөдийн салхи аа, ирээч.
Цэцэрлэгийн маань үнэрийг анхилуулан,
үнэрийг нь тараагаач.
Хайрт минь цэцэрлэгтээ ирж,
шилмэл жимсийг нь идэг.

 СОЛОМОНЫ ДУУН(Song of Songs) 5

1 -Дүү минь, сүйт бүсгүй минь, би цэцэрлэгтээ ирлээ.
Өөрийн миррийг би анхилам үнэртнийхээ хамт цуглууллаа.
Зөгийн сархинагаа би балтай нь хамт идлээ.
Дарс сүүгээ ч би уулаа.
Идэцгээ, андууд аа.
Ууж, хөөрцгөө, амраг хайртууд аа.

2 -Би унтаж байсан боловч зүрх минь сэрүүн байв.
Дуу чимээ!
Хайрт минь тогшин
"Дүү минь, хонгор минь,
надад онгойлгооч, тагтаахан минь, төгс нэгэн минь!
Учир нь толгой минь шүүдэрт,
туг үс минь шөнийн чийгт норжээ" гэв.

3 Би дан дээлээ тайлчихсан болохоор яаж түүнийгээ дахин өмсөх билээ?
Би хөлөө угаачихсан болохоор хэрхэн дахин хиртүүлэх билээ?

4 Хайрт минь түгжээ уруу гараа сунгасанд миний сэтгэл түүн уруу тэмүүллээ.

5 Хайртдаа би онгойлгохоор бослоо.
Түгжээний бариул дээр гар дээрээс минь мирр,
хуруун дээрээс минь миррийн шингэн дусалж байв.

6 Би хайртдаа онгойлголоо.
Гэвч хайрт минь цааш эргэн, явчихсан байв!
Түүнийг ярихад зүрх сэтгэл минь түүн уруу хүсэмжлэн тэмүүлэв.
Би түүнийг хайлаа. Гэвч олсонгүй.
Би түүнийг дуудлаа. Гэвч тэр надад хариулсангүй.

7 Хотыг тойрох харуул намайг олов.
Тэд намайг цохиж, шархдууллаа.
Хэрмийн манаач нар толгойн алчуурыг минь надаас авч хаяв.

8 Иерусалимын охид оо,
хэрэв та нар миний хайртыг олох аваас
түүнд та нарын хэлэх юмны талаар би та нарт тушаая.
Учир нь би дурлалдаа шаналжээ.

9 -Эмэгтэйчүүдийн дотроос хамгийн үзэсгэлэнт бүсгүй,
чиний хайрт чинь ямар юм бэ?
Биднээс чиний ингэж гуйх чиний хайрт ямаршуухан хүн юм бэ?

10 -Хайрт минь гялалзсан агаад
улаа бутарсан, арван мянгын дотроос тугаа мандуулагч нэгэн болой.

11 Түүний толгой бол алт,
цэвэр алт мэт ажээ.
Түүний туг үс буржгар агаад хэрээ мэт хархан аж.

12 Түүний нүд сүүнд угаагдсан
усны урсгалын дэргэд өөрсдийнхөө орчинд сууж буй тагтаа мэт бөлгөө.

13 Түүний хацар, амттаны цэцэрлэг мэт,
анхилуун үнэртэй өвсний хөвөө мэт болой.
Түүний уруул нь миррэн шингэнээр дусаах сараана болой.

14 Түүний гар нь молор эрдэнэ суулгасан алтан саваа агаад
Түүний бие нь биндэрьяагаар доторлосон зааны ясан сийлбэр болой.

15 Түүний хөл нь шижир алтан сууринд суулгасан гантиган багананууд мэт агаад
Түүний төрх нь Ливантай адил, хуш мэт шилдэг ажгуу.

16 Түүний ам амттанаар дүүрэн бөгөөд
тэрээр бүхлээрээ хүсэмжлүүштэй болой.
Иерусалимын охид оо,
энэ бол миний хайрт, энэ бол миний анд.

 СОЛОМОНЫ ДУУН(Song of Songs) 6

1 Эмэгтэйчүүдийн дотроос хамгийн үзэсгэлэнт бүсгүй минь,
хайрт чинь хаашаа одоо вэ?
Хайрт чинь хаашаа явчихав?
Хамтдаа түүнийг хайцгаая.

2 -Миний хайрт цэцэрлэг уруугаа,
Анхилуун үнэрт цэцгийн мандал уруу,
цэцэрлэгт сүргээ бэлчээж,
сараана цэцэгс түүхээр явсан билээ.

3 Би өөрийнхөө хайртынх бөгөөд хайрт минь ч минийх болой.
Тэрээр сүргээ сараана цэцэгсийн дунд бэлчээдэг билээ.

4 -Хонгор минь, чи Тирза шиг үзэсгэлэнтэй,
Иерусалим шиг дур булаам,
тугт цэргүүд шиг айдас төрүүлэм аж.

5 Нүд чинь намайг сандаргасан тул харцаа надаас холдуулаач.
Үс чинь Гилеадаас уруудах ямаан сүрэг мэт болой.

6 Шүд чинь саяхан хяргуулан, угаагдаад гарсан,
бүгд ихрийг тээн ганц нь ч хургаа тээгээгүй хонин сүрэг мэт аж.

7 Гивлүүрийн чинь цаадах чиний шанаа зүсэм анар мэт билээ.

8 Жаран хатан болон наян татвар эм,
мөн тоо томшгүй шивэгчид байдаг хэдий ч

9 Миний тагтаахан, миний төгс нэгэн бол хосгүй болой.
Тэр бол эхийнхээ ганц охин нь билээ.
Тэр бол өөрийг нь төрүүлсэн нэгний цэвэр ариун хүүхэд болой.
Охид түүнийг хараад, түүнийг ерөөгдсөн хэмээн дуудна.
Хатад болоод татвар эмс ч мөн түүнийг магтан

10 "Үүрийн туяа мэт өссөн, тэргэл саран мэт үзэсгэлэнтэй,
наран мэт цэвэр, тугт цэргүүд мэт айдас төрүүлэм энэ хэн бэ?" гэнэ.

11 Хөндий ногоорохыг харахаар,
усан үзмийн мод цэцэглэж,
анарын мод нахиалсан эсэхийг үзэхээр самрын модны цэцэрлэг уруу би уруудан явлаа.

12 Би мэдээгүй байтал сэтгэлдээ хөтлөгдөн тансаг тэргэнд хүрчээ.

13 -Буцаад ир, буцаад ир, Шуламмит аа!
Буцаад ир, буцаад ир, бид чамайг ширтье!
-Маханаимын бүжгийг үзэх мэт юунд та нар Шуламмитыг ширтэнэ вэ?

 СОЛОМОНЫ ДУУН(Song of Songs) 7

1 Язгууртны охин минь,
шаахай доторх хөл чинь юутай үзэсгэлэнтэй вэ!
Ташааны чинь тойрог уран дархны гарын бүтээл болох эрдэнэс мэт аж.

2 Хүйс чинь холилдсон дарсаар хэзээ ч үл дутах хундага мэт агаад
Хэвлий чинь сараана цэцэгсээр хүрээлэгдсэн овоолсон буудай мэт билээ.

3 Хоёр хөх чинь зээрийн ихэр хоёр янзага мэт аж.

4 Хүзүү чинь зааны ясан цамхаг мэт,
нүд чинь Бат-раббимын дааман хаалганы зэргэлдээх Хешбон дахь цөөрөм мэт,
Хамар чинь Дамаскийн эгч харалдаах Ливаны цамхаг мэт билээ.

5 Толгой чинь Кармел шиг чиний дээр залрах агаад
толгойн чинь долгиолох үс нил ягаан тууз мэт юм.
Хаан долгиолох үсэнд чинь автагджээ.

6 Бүх гоо үзэсгэлэнтэйгээ хамт чи юутай дур булаам,
юутай үзэсгэлэнтэй вэ, хайрт минь!

7 Бие чинь далдуу мод мэт бөгөөд
хөх чинь түүнийг хонгорцог мэт ажгуу.

8 Би "Далдуу мод уруу би авирч,
жимснийх нь шилбээс барья" гэв.
Хөх чинь усан үзмийн хонгорцог мэт,
амьсгалын чинь анхилуун үнэр алим мэт байх болтугай.

9 Ам чинь шилдэг дарс мэт байх болтугай.
Энэ нь нойрсож буй нэгний уруулаас зөөлнөөр урсан гарч,
миний хайртад төвөггүй хүрнэ.

10 -Би өөрийнхөө хайртынх агаад түүний хүсэл нь миний төлөө юм.

11 Нааш ир, хайрт минь,
хамтдаа хөдөө явцгааж,
шөнийг хоёулаа тосгонд өнгөрөөе.

12 Эртхэн хоёулаа босоод,
усан үзмийн талбай уруу явцгаая.
Усан үзмийн мод гөлөглөсөн эсэхийг, цоморлигоо нээсэн эсэхийг,
мөн анарын мод цэцэглэсэн эсэхийг хоёулаа үзэцгээе.
Тэнд би чамд янаг хайраа өгье.

13 Мандрагор жимс үнэрээ анхилуулна.
Үүдэн дээр маань шинэ ба хуучин шилмэл бүх жимс байна.
Хайрт минь, би үүнийг чинийхээ төлөө хураан хадгалсан билээ.

 СОЛОМОНЫ ДУУН(Song of Songs) 8

1 Өө, чи минь наддаа, хэрэв эхийн минь хөхөөр тэжээгдсэн ах шиг минь байсан бол,
Чамтай би гадаа таарвал би чамайг үнсэхсэн.
Хэн ч намайг жигшихгүй байхсан.

2 Чамайг би хөтлөөд,
намайг сургагч эхийнхээ гэрт оруулах байсан.
Чамд би уулгах гэж өөрийн анарын шүүснээс гарсан амтат дарсыг өгөх байсан.

3 Түүний зүүн гар нь толгой дор минь байж,
баруун гар нь намайг тэврэг.

4 -Иерусалимын охид оо, би та нарт тушаая.
Тааламжтай болтол хайрыг та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн.

5 -Хайртыгаа түшсээр цөлөөс ирэгч энэ хэн юм бэ?
-Алимын модон дор би чамайг сэрээлээ.
Тэнд чамайг эх чинь төрүүлэх гэж өвдөж байсан бөгөөд
тэнд тэрээр төрүүлэх гэж өвдөж, чамайг төрүүлсэн билээ.

6 Зүрхэндээ намайг тамга мэт,
гар дээрээ намайг тамга мэт тавь.
Учир нь хайр бол үхэл мэт хүчтэй,
хардалт бол Үхэгсдийн орон мэт хатуу ширүүн билээ.
Түүний гялбаа нь галын гялбаа агаад ЭЗЭНий дөл билээ.

7 Их ус хайрыг унтрааж үл чадна.
Гол ч түүнийг хальж үл чадна.
Хүн гэрийнхээ бүх баялгийг хайрын төлөө өгөх байсан ч,
энэ нь басамжлагдах нь гарцаагүй"

8 -Бид бяцхан охин дүүтэй агаад
түүнд хөх байхгүй билээ.
Түүний тухай яригдах өдөр бид түүний төлөө юу хийх вэ?

9 Хэрэв тэрээр хана бол бид түүний дээр мөнгөн цайз босгоно.
Хэрэв тэрээр хаалга бол бид түүнийг хушин банзаар халхална.

10 -Би бол хана. Хөх минь ч цамхаг мэт.
Тэгээд би түүний нүдэнд амар амгаланг олдог нэгэн мэт байсан билээ.

11 Соломон Баал-хамонд усан үзмийн тариалантай байв.
Тэрээр усан үзмийн тариалангаа сахиулуудад хариуцуулав.
Хүн нэг бүр үр жимснийх нь төлөө мянган мөнгөн шекелийг авчирдаг байв.

12 Миний өөрийн усан үзмийн талбай өмнө минь байна.
Мянган шекел нь Соломон танд,
хоёр зуу нь түүний үр жимсийг арчлагчдад нь өгөгдөх юм.

13 -Цэцэрлэгт суугч аа,
андууд маань дуу хоолойг чинь сонсоно.
Надад ч мөн дуугаа сонсгооч!

14 -Хайрт минь, түргэл,
Анхилуун үнэрт уулс дээрх зээр,
эсвэл идэр буга мэт байгтун.

 

#@#